Дэлхий дахинд
Путин барууныхныг түрэмгийлэл үйлдэж байна гэв
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сталинградын тулаанд Зөвлөлтийн цэргүүд ялалт байгуулсны 80 жилийн ойг тохиолдуулан Волгоград мужид айлчилсан. Тэрбээр Улаан армийн амь үрэгдсэн дайчдын дурсгалын цогцолборт өчигдөр /2023.02.02/ цэцэг өргөжээ.
“Нацизмын үзэл суртал орчин үеийн хэлбэрээр манай улсын аюулгүй байдалд шууд заналхийлж байгааг бид харж байна. Бид барууны хамтын түрэмгийллийг дахин дахин няцаах ёстой. Тэд хуяг дээрээ загалмай зурсан Германы Ирвэс танкуудаар биднийг дахин сүрдүүлж байна. Тэд Украины нутаг дэвсгэр дээр Гитлерийн дагалдагчдын гараар Оростой дахин тулалдах гэж байна” гэж Путин хэлэв.
Тэрбээр Украиныг зэвсэглэхэд тусалж буй Германыг шүүмжилж, ОХУ цөмийн зэвсэгээс эхлүүлээд бүх зэвсгээ ашиглахад бэлэн гэжээ. Герман улс Украин руу танк илгээх эсэхдээ хэдэн сарын турш эргэлзсэн боловч эцэст нь зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Танкуудыг гуравдугаар сарын сүүл юм уу дөрөвдүгээр сарын эхээр нийлүүлэхээр зорьж байна.
Сталинградын тулаан 1942 оны наймдугаар сараас 1943 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилсэн. Энэхүү цуст тулаанд амиа алдсан энгийн иргэд болон цэргүүдийн тоо хоёр саяд хүрсэн гэдэг.