Спорт
Булганы бөхчүүд Өвөрхангайг буулган авлаа

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний “Pepsi” алтан цомын төлөөх шигшээ барилдааны хоёрдугаар тойргийн эхний барилдаанд Булган – Өвөрхангай аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Булган аймгийн баг 13:12-аар ялалт байгуулав.
Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /3/, улсын начин Д.Амаржаргал сэлгээнд, улсын начин Х.Цогтгэрэл /1/ улсын начин Б.Түмэндэмбэрэл /3/, улсын начин Э.Сумъяабат /4/, улсын начин Б.Түвшинтөгс /2/, нийт 13 даваа авсан бол Өвөрхангай аймгийн багт улсын харцага Б.Цэдэнсодном /2/, улсын харцага Ц.Бямба-Отгон /1/ улсын начин Б.Лхагвадорж /3/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд нь барилдсан улсын харцага Х.Гантулга /1/, аймгийн арслан Т.Довчинсэмбээ /4/ нийт 12 даваа авсан юм.
Улсын харцага Х.Гантулга, улсын начин Э.Сумъяабат нарын дөрөвдүгээр тойргийн барилдааныг Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-ийн “н”-д “Барьц барьж барилдахгүй илэрхий зугтан захалж, барилдааныг санаатайгаар удаашруулахыг цээрлэнэ. Энэ цээргийг зөрчсөн бөхийг эхний удаад талбайн гол төв хэсэгт оруулж барилдуулна. Хоёр дахь удаа давтагдвал сануулна. Гурав дахиа давтагдвал уг бөхийг унасанд тооцон хасаж, бай мөрийг олгохгүй” хэмээн заасныг үндэслэн улсын харцага Л.Гантулгыг хасаж, улсын начин Э.Сумъяабатыг давуулав.
Булган аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Д.Баасандорж, Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр нар ажиллалаа.
Өнөөдөр 20:00 цагаас Увс, Төв аймгууд барилдана.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.