Дэлхий дахинд
Володимир Зеленскийг Европын холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцохыг урьжээ
Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг энэ сарын 9-10-ны хооронд Бельгийн Брюссель хотноо болох Европын холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцохыг урьжээ.
Энэ тухай Шарль Мишелийн төлөөлөгч Баренд Лейтс зарлаад “Аюулгүй байдлын үүднээс нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэж мэдэгджээ.
Европын холбооны удирдлагууд энэ долоо хоногт болох уулзалтад Володимир Зеленскийг ирнэ хэмээн бэлтгэж байгаа талаар Британийн “Файнэншл Таймс” сонин даваа гарагт анх зарласан.
Бельгийн “Белга” агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр хоёрдугаар сарын 9-нд Брюссельд ирнэ гэжээ.
Украины Ерөнхийлөгч түүнчлэн Европын парламентын тусгай хуралдаанд үг хэлэх магадлалтай байна. Энэ асуудлаар Володимир Зеленскийн төлөөлөгчид ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Хэрэв Володимир Зеленский Брюссельд айлчилбал энэ нь Орос Украин руу бүрэн хэмжээний довтолгоон хийснээс хойш түүний хилийн чанадад айлчилсан хоёр дахь тохиолдол болно.
Тэрбээр хамгийн сүүлд Вашингтонд айлчилсан билээ.