Энтертайнмент
“Туульсийн хаан Жангар” туулийг хайллаа

Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд “Монгол Жангар хайлах” (дэс-20) өв бүртгэгдсэн байдаг. Уран зохиолын оргил гэгдэх энэ өвийг сэргээх, хадгалан хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор өчигдөр Говь-Алтай аймагт 1000 туульч “Туульсийн хаан Жангар” туулийн 17 бүлгийг хайллаа. Мөн Алтай ятга, морин хуур, товшуур зэрэг хөгжмөөс бүрдсэн 300 гаруй хөгжмийн чуулбар чуулав.
Тууль хайлах ёслолд Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд мэндчилгээг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан уншиж сонордууллаа.
Монгол туулийг “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалт”-д 2009 онд бүртгэсэн байдаг бөгөөд “Монгол тууль” өвийн талаарх мэдээллийг энд дарж авна уу.
Тууль хайлах ёслолын арга хэмжээг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.
Монгол Улсын Соёлын сайд Ч.Номингийн мэндчилгээ:
““Туульсын хаан Жангар” арга хэмжээнд оролцож байгаа эрхэм хүндэт Зочид төлөөлөгч, өвлөн уламжлагч Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Монголчууд төрийн их ёслол, найр хурим, эрийн гурван наадам хийх, хүүхдийн үс авах, хүүхдэд нэр өгөх, шинэ гэр барих, ан ав, аян дайнд мордох, уул овоо тахих зэрэг нийтийг хамарсан зан үйл, баяр ёслолын үед тууль хайлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг урин дуудаж ирсэн уламжлалтай.
Монгол тууль бол эх хэл, түүх соёл, зан заншил, шүтлэг бишрэл, хүсэл мөрөөдлөө шингээж яруу сайхнаар аялгуулан илэрхийлдэг, монголын ард түмний оюун сэтгэлгээний охь дээж болсон хосгүй нандин үнэт зүйл юм. Тийм ч учраас Монгол туулийг нийт хүн төрөлхтний соёлын өвийн сан хөмрөгт хүндтэй байр суурь эзлэх үнэ цэн, ач холбогдолтой өв болохыг хүлээн зөвшөөрч, ЮНЕСКО-гоос 2009 онд Монгол туулийг Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн билээ. Энэхүү гайхамшигт өвийн оршин тогтнох чадварыг бэхжүүлэх, үнэ цэнийг өсгөх, хамгаалах, баяжуулан хөгжүүлэх, өвлүүлж уламжлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг Монголчууд та бид нийт хүн төрөлхтний өмнө хүлээж байгааг онцлон тэмдэглэж байна.
Монгол туулийн томоохон үнэ цэнтэй төлөөлөл болох Жангар туулийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Туульсын хаан Жангар” арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа Говь-Алтай аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газар, харьяалах төрийн байгууллагууд, соёлын өвийг өвлөн уламжилж, хүртээл болгож буй өвлөн уламжлагчид, хүүхэд залуучууд, тус арга хэмжээнд хүрэлцэн ирж дэмжин оролцож буй зочид төлөөлөгч, ард иргэдэд баяр хүргэж, талархал илэрхийлье.
Энэхүү арга хэмжээ нь Монгол тууль, тэр дундаа Жангар туулийн өвийн үнэ цэн, ач холбогдлыг ард иргэд, хүүхэд залуучуудад таниулахаас гадна үндэсний түүх, соёл, өв уламжлалаа эрхэмлэн дээдэлж, хүндэтгэлтэй хандах, бахархах үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Монгол соёл өвлөн уламжлагдаж, өнөд үргэлжлэх болтугай!” гэлээ.







Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм7 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм6 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм7 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм7 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Улс төр7 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав