Дэлхий дахинд
Дональд Трамп Нобелийн шагнал авах гавьяа байгуулсан ч өгөхгүй байгааг гомдоллон ярьжээ
Баасан гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө Нобелийн энх тайвны шагнал авахуйц гавьяа байгуулсан тухайгаа ярьжээ.
Гэхдээ тэр өөрт нь шагналыг өгөхгүй гэдгийг мэдэж байгаагаа ч хэлсэн байна. Энэ үеэр Трамп 2009 онд ерөнхийлөгч болоод хэдхэн сар болж байсан Барак Обама Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсныг гомдоллон ярьжээ.
“Тэд энэ шагналаа Обамад өгсөн. Тэр бүр өөрийгөө ямар гавьяа байгуулснаа ч мэдээгүй байсан. Харин надад хэзээ ч өгөхгүй байх” гэж Трамп ярьсан байна.
Тэрээр Сирийн босогчдын төвлөрч байсан Идлибийн бүс нутаг руу довтлохгүй байхыг ОХУ, Иран, Сирийн засгийн газарт анхааруулсны хүчинд 3 сая хүний амийг аварснаа энэ үеэр бахархан яриад “Өнөөдөр энэ тухай хэн ч ярихгүй байна” гэж гомдоллосон юм.
Мөн Умард Солонгостой яриа хэлэлцээр эхлүүлснийх нь төлөө Японы ерөнхий сайд Шинзо Абэ өөрийг нь Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн захидал ирүүлснийг тэр хэлжээ.
Цөмийн болон пуужингийн туршилтыг зогсоох талаар Ким Жон Унтай тохиролцсоны үр дүнд япончууд тайван унтаж чадах болсныг Трамп бахархан яриад Обамагийн үед ийм үр дүнд хүрч чадахгүй байсан хэмээн хэлсэн юм.
“Өөр олон хүн намайг шагнал авах эрхтэй гэж бодож байгаа ч би хэзээ ч авахгүй байх. Гэхдээ энэ бол асуудал биш” гэж АНУ-ын ерөнхийлөгч эцэст нь хэлжээ.
Дональд Трамп энэ сарын сүүлээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хоёр дахь удаагаа уулзах гэж байгаа. Тэдний эхний уулзалтыг үр дүн муутай болсон гэж ажиглагчид шүүмжилдэг.
Хоёр дахь уулзалтаар энэ байдлыг засаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгах үйлсэд бодитой ахиц дэвшил гаргах байх гэсэн хүлээлт үүсээд байна.
Эх сурвалж: Reuters