Дэлхий дахинд
Газар хөдлөлтөөс хойш 3 долоо хоног өнгөрсөн ч сэтгэл зүйн тусламжийн хэрэгцээ их байна
Сирийн хилийн ойролцоох Туркийн өмнөд бүсийг нэрвэсэн томоохон газар хөдлөлтөөс хойш өнөөдөр 3 дахь долоо хоногтойгоо золгож байна. Амь үрэгдсэн хүмүүсийн тоо 50000-с давсны зэрэгцээ орон гэрээ алдсан олон хүмүүст сэтгэл зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх шаардлага чухлаар тавигдаж байна.
2-р сарын 6-нд 7,8 магнитудын газар хөдлөлтөөс хойш хэд хэдэн удаа хүчтэй газар хөдөлсөн. Туркт амь үрэгдсэн хүмүүсийн тоо 44 374-т хүрч, Сирид 5914 хүн эрсэджээ. Туркийн засгийн газрын мэдээлж байгаагаар 1,91 сая хүн өнөөдрийн байдлаар гэр, майхан болон бусад түр сууцанд толгой хоргодож байна.
Мөн байгалийн гамшгаас амьд гарсан болон бусад 910 мянга гаруй хүнд сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа үзүүлжээ. НҮБ-ын Хүүхдийн сан-ЮНИСЕФ байгалийн гамшигт нэрвэгдсэн хүүхдүүд сэтгэл санааны хямрал болон гэмтлийн дараах сэтгэл зүйн эмгэгтэй болох магадлалтай тул тэдэнд сэтгэл зүйн тусламж үзүүлэх шаардлага хурцаар тавигдаж байгааг онцолж байна. Энэ ч үүднээс Туркийн ардын аман зохиолоос сэдэвлэсэн хүүхэлдэйн театрын тоглолт ням гарагт өмнө зүгийн Газиантеп хотод болжээ. 13 настай үзэгч хүү, газар хөдлөлтийн дараа бүх хүн айн цочирдсон байдалтай, тэр өөрөө ч бас ахин дахин доргилт чичирхийлэл болох бүрт асар их айдастай байснаа ярьж байжээ.
Үүний зэрэгцээ Туркийн хууль зүйн албаныхан хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан барилгуудтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаагаа өргөжүүлж байна. Одоогоор 180 гаруй хүнийг баривчилсан байна. Туркт нурж сүйдсэн эсвэл бүрмөсөн нураах шаардлагатай наанадаж 173 мянган барилга байна. Хохирогчдын ар гэрийнхэн асар их гомдолтой байгаа бол, орон гэргүй болсон хүмүүс шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.