Дэлхий дахинд
Европын холбоо Серби, Косовогийн харилцааг хэвийн болгох төлөвлөгөөгөө танилцуулжээ
Франц-Германы санал гэж нэрлэгддэг Серби, Косовогийн харилцааг хэвийн болгох төлөвлөгөөг даваа гарагт Европын холбоо танилцуулжээ.
Холбооны Гадаад бодлогын комиссар Жозеф Боррель Серби болон Косовогийн тэргүүнүүдтэй Брюссель хотод уулзсанынхаа дараа “Хоёр улсын эрх баригчид энэ төлөвлөгөөнд нь санал нэгдсэн” гэж мэдэгдсэн боловч хэрэгжилттэй холбоотой асуудлыг хэлэлцэх дараагийн уулзалт гуравдугаар сард болно гэсэн байна.
Кососвогийн Ерөнхий сайд Альбин Курти энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэхдээ “Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын холбооны төлөвлөгөөг зөвшөөрсөн ч, гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан тул гэрээ баталгаажаагүй” гэж ярьсан байна.
Харин Сербийн Ерөнхийлөгч “Бид асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохиролцсон” гээд “Эхлээд Приштина 10 жилийн өмнө үүргээ биелүүлэх, өөрөөр хэлбэл, нутагтаа Сербийн хотын захиргаадын холбоог байгуулахыг Косовогийн Засгийн газрын тэргүүнээс шаардсан” гэжээ.
Александр Вучичийн мэдээлснээр энэ талаарх дараагийн уулзалт гуравдугаар сарын 18-нд болох бол, Европын холбоо нөхцөл байдлын талаар гуравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд хэлэлцэх юм байна.
Европын холбоо Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг Сербиэс хүсч шаардахдаа энэ нь тус улсын хувьд Европын улсуудын холбоонд нэгдэх урьдчилсан нөхцөл болно гэж байна. Мөн өнгөрсөн сард Франц, Германы дипломатууд хоёр улсын харилцааг хэвийн болгох саналыг Белград, Приштинад танилцуулсан ч өнөөг хүртэл олон нийтэд мэдээлээгүй байна.
Европын холбооны Гадаад хэргийн албанаас даваа гарагт нийтэлсэн тус саналд Серби, Косово хоёр улс байнгын төлөөлөгчийн газар солилцох, бие биенийхээ паспорт, диплом, улсын дугаар, гаалийн тамга, тэмдэг зэрэг тус тусын бичиг баримт, үндэсний бэлгэдлийг харилцан хүлээн зөвшөөрч, тэгш эрхийн үндсэн дээр бие биетэйгээ хэвийн, сайн хөршийн харилцааг хөгжүүлэх болно гэж тусгасан байна.
Мөн талууд аль нь ч нөгөөгөө олон улсын хэмжээнд төлөөлж, түүний нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах боломжгүй, ялангуяа Серби улс Косовог олон улсын аль ч байгууллагад гишүүнээр элсэхийг эсэргүүцэхгүй гэж заажээ.