Дэлхий дахинд
АНУ хагас дамжуулагч үйлдвэрлэгчдэд 39 тэрбум долларын татаас олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ
АНУ-ын засгийн газар тус улсад хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулахад татаас авах хүсэлтэй компани, аж ахуй нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авахаар болжээ. АНУ-д хөрөнгө оруулалт хийдэг хагас дамжуулагч үйлдвэрлэгчдэд 39 тэрбум америк долларын татаас олгох хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо Худалдааны яам нь мэдэгдсэн байна.
АНУ энэ хөтөлбөрийг Хагас дамжуулагч үйлдвэрлэхэд тусгай урамшуулал олгох тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлэх юм байна. Тус улс өнгөрсөн оны 8-р сараас мөрдөгдөж эхэлсэн энэхүү хууль нь Америкийн хагас дамжуулагчийн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон ажиллах хүчний хөгжлийг дэмжихэд 52 тэрбумаас дээш америк долларын татаас олгох зорилготой юм байна. Хуулийн хамгийн гол зорилго хагас дамжуулагчтай холбоотой бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэлд АНУ-ын манлайллыг бэхжүүлэхэд чиглэсэн. Худалдааны яамны мэдээлснээр татаас олгосон компаниудаас 10жилийн хугацаанд Хятадын хагас дамжуулагч үйлдвэрлэгч байгууллагуудын үйл ажиллагааны цар хүрээг хязгаарлахыг хүлээн зөвшөөрөх шаардлага тавих юм байна. Мөн хагас дамжуулагч үйлдвэрлэгчдээс илүүдэл ашгаа хуваалцахыг шаардахаар төлөвлөжээ. АНУ-аас Хятад руу хагас дамжуулагч экспортлохыг хориглож байгаа. Хятад улс хагас дамжуулагчтай холбоотой бүтэгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр Америкийн гол өрсөлдөгч.
Тиймээс Байдены засаг захиргаа ухаалаг утас, компьютер, автомашинд зайлшгүй шаардлагатай хагас дамжуулагчийг дотооддоо үйлдвэрлэхэд Хятадтай өрсөлдөхийн тулд ирэх 10 жилд их хэмжээний хөрөнгө оруулалт гаргах төлөвтэй байгаа. Гэхдээ энэ салбарт мэргэшсэн ажиллах хүчний хомсдолтой тулгарч байна. Иймээс татаас авч байгаа компаниудыг ажилтнууддаа хүүхэд асрах төв нээж, ажиллах таатай орчныг нь хангах шаардлагыг мөн тавих юм байна. АНУ 1990-ээд оны эхээр хагас дэлхийн дамжуулагч үйлдвэрлэлийн 37 хувийг эзэлж байсан бол өнөөдөр дөнгөж 12 хувийг үйлдвэрлэдэг юм байна.