Энтертайнмент
Монголын зохиолчдын бүтээл францын уншигчдын хүртээл болж байна
Францын яруу найрагч, утга зохиол судлаач, шүүмжлэгч Мари-Кристин Гидон /Marie-Christine Guidon/ монгол орон, нүүдэлчин ахуй соёлын талаар өгүүлсэн уран бүтээлийн дээжээсээ Парис дахь Монгол Улсын ЭСЯ-нд ирүүллээ. Тэрбээр “Удвал” “Нүүдэлчдийн найраг” шүлгийн түүврээ хэвлүүлж, Францын уншигчдын хүртээл болгожээ.
Мөн “Хил хязгааргүй яруу найраг” олон улсын зохиолчдын сэтгүүлд Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Дашдоржийн Нацагдоржийн тухай нийтэлж, “Миний нутаг” шүлгийг нь хэвлүүлжээ.
Түүнчлэн 2023 оны гуравдугаар сарын дугаарт Болор цомын эзэн, залуу яруу найрагч О.Цэнд-Аюушийн бүтээлээс францын уншигчдад танилцуулсан байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.