Бусад
Өнөөдөр дэлхийн түүхэнд: Хоёрдугаар сарын 18

Анх удаагаа онгоцоор шууданг хүргэв
Шуудангийн илгээмжийг онгоцны тусламжтайгаар агаарын замаар хүргэх нь өнөөдөр хамгийн орчин үеийн тээвэрлэлт болсон байгаа. ХХ зууны эхээр нисэх онгоц гарч ирсний дараа энэ тээвэр хөгжиж эхэлсэн юм. Нисэхийн шуудан анх Энэтхэгт төржээ.
Анхны тийм нислэгийг 1911 оны хоёрдугаар сарын 11-нд Аллахабадаас Наини хот руу хийсэн байв. Энэ нислэгээр нисгэгч Анри Пике нийт 13 км-ын зайд 6,5 мянган захидал, 250 тусгай ил захидлыг хүргэжээ. Бүх захидлуудыг “First aerial post. U. P. Exhibition. Allahabad. 1911” (“Анхны агаарын шуудан. Үндэсний нэгдсэн үзэсгэлэн. Аллахабад. 1911”) гэсэн тусгай тамгаар тамгалсан байжээ.
Одон орон судлаач Клайд Томбо Далайн ван гарагийг нээснээ зарлав
Лоуэллийн одон орны төвд Клайд Томбо гэдэг одон оронч 1930 оны хоёрдугаар сарын 18-нд Далайн ван гарагийг нээснээ зарлав.Нарны аймагт ес дэх гараг байгаа гэсэн таамаглал XIX зууны сүүлчээр одон орончдод байсан ба 1919 онд Далайн вангийн зургийг авсан ч дүрс нь гараг байгаа гэж хэлэхээргүй муу чанартай байв.
Өнөөдөр түүхэнд
1229 он – Загалмайтны зургаа дахь аян дайн: Ариун Ромын эзэнт гүрний хаан II Фредерик, исламын аль-Камилтай 10 жилийн итгэлцлийн гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд Иерусалем, Назарет, Бетлехемийн ойролцоох нутаг дэвсгэрт цэргийнхэн Ромын хамбын засаглалыг хүлээн зөвшөөрөхгүй байхаар болов.
1478 он – Кларенсийн герцог Жорж өөрийн бага дүү Английн хаан IV Эдуардаас урван, эх орноосоо тэрсэлсэн хэргээр Лондон хотын цамхагт цаазлуулав.
1637 он – 18 жилийн дайн: Английн Корнуоллын эрэгт Испанийн усан цэргүүд худалдаачдын 44 онгоцыг бүсэлж, зургааг нь живүүлэн бусдыг нь барьцаалжээ.
1843 он – Тусгайлан бэлтгэсэн морин чаргаар алдартай “Ваарны хатан хаан” гэж нэрлэгдсэн чулуун сийлбэрийг Колываниас Барнаулд авчрав. Түүний түүх нь Алтайн хязгаарын Колывань тосгоны ойролцоо асар том ногоон хаш чулууг олсон XIX зуунаас эхлэлтэй. Чулууг олсон газраас нь гарган авахын тулд зургаан жилийг зарцуулсан ба чулуучид ваар хийхдээ өөр 12 жилийг зарцуулжээ. Нэг мянга гаруй пудын жинтэй тавгыг Санкт-Петербургийн зүг хоёрдугаар сарын 21-нд илгээжээ.“Ваарны хатан хаан” 1849 оны арваннэгдүгээр сарын 5-нд Эрмитажид тавигдан одоо хүртэл тэнд хадгалагдаж байна.
1861 он – Италийн хаант улсад Савой, Сардинийн арал нэгдсэнээр Италийн газар нутаг тэлэв.
Гогены зургуудын дуудлага худалдаа бүтэлгүйтлээ
1885 он – Парис хотын Друо дуудлага худалдааны ордны зохион байгуулсан Поль Гогены Таити аралд зурагдсан зургуудын үзэсгэлэн худалдаа амжилтгүй болов. Зураач алдар нэртэй байсан ч гэсэн түүний 47 зургийн дөнгөж ес нь бага үнээр зарагдсан ба олсон мөнгөөр ордоны зарлагыг арай гэж нөхжээ.
1885 он – Алдарт зохиолч Марк Твен “Гекльберри Финнд тохиолдсон адал явдал” зохиолоо АНУ-д хэвлүүлжээ.
1911 он – Памирын ууланд маш хүчтэй газар хөдөлсний улмаас цэнгэг усны ер бусын голомт болох Сарезын нуур тогтжээ.
1918 он – Монгол Улсын хурлын газраас хууль зүйн бичгийг гаргах тухай тогтоол баталжээ.
1957 он – Шинэ Зеланд улс гэмт хэрэгтэн Уольтер Жеймс Болтоныг цаазласнаар цаазын ял гүйцэтгэсэн сүүлийн тохиолдол болжээ.
МоАХ-ны анхдугаар их хурал болов
1990 оны хоёрдугаар сарын 18–нд МоАХ-ны анхдугаар Их Хурал Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд хуралдаж, хот хөдөөгийн 611 төлөөлөгч, гадаад, дотоодын 200 гаруй зочин төлөөлөгч оролцжээ. Уг хурлаас МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийг 35, тэргүүлэгчдийг 9 хүний бүрэлдэхүүнтэй сонгож, Ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгожээ.
Энэ хурлаар МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан юм. Хурлын үеэр ардчиллын анхны чөлөөт сонин болох Шинэ толь хэвлэгдэн гарсан түүхтэй.
2003 он – Өмнөд Солонгосын Дегу метронд гал гарч 200 гаруй хүн амиа алдав.
2007 он – WikiLeaks цахим хуудас америк цэрэг Челси Маннингийн хулгайлан дамжуулсан төрийн чухал мэдээллүүдээс хэдэн зуун мянган баримтыг дэлгэн тавив.
2013 он – Бельгийн нийслэл Брюссель хотын нисэх буудлаас зэвсэглэсэн дээрэмчид 50 сая ам.доллартай тэнцэх очир эрдэнэ хулгайлжээ.
2014 он – Украины нийслэл Киев хотын төв талбайд жагсагчид болон цагдаагийн хооронд мөргөлдөөн болж 76 хүн амиа алдав.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм15 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм17 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм17 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр16 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр17 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм17 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм17 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо