Дэлхий дахинд
Их Британиас “Лалын улс” руу зугтсан өсвөр насны охидын хувь заяа
Шамима Бегумын 15 настай байх үеийн зураг.
Шамима Бегум, Кадиза Султана, Амира Абасе гэх өсвөр насны гурван охин Лалын улс бүлэглэлд элсэж шинэ амьдралаа эхлүүлэхээр 2015 онд зүүн Лондоноос Сири рүү зугтан гарч байжээ. Тэдгээр гурван охины нэг болох Шамима Бегум саяхан Сири дэх дүрвэгсдийн хотхоноос олдсон нь их британичуудын анхаарлын төвд байна.
Тэрээр эх орондоо буцаж харих найдлага тээж байгаагаа хэвлэлийнхэнд ярьсан нь сэдэв болжээ. Хэдийгээр зугтах үедээ насанд хүрээгүй байсан ч алан хядагч бүлэглэлд элсэхээр сайн дураараа явсан түүнийг эх оронд нь буцааж авчрах нь зөв эсэх талаар Британийн жирийн иргэдээс авахуулаад улс төрчид хуваагдмал санаа бодолтой байгаа юм.
Шамима Бегум энэ жил 19-тэй. Их Британиас зугтан гарахдаа 15 настай байжээ. Тэрээр “Лалын улс” бүлэглэлийн хяналтын бүсэд очоод гэрлэж, гурван хүүхэд төрүүлсэн байна. Хамгийн бага нь одоо амьдарч байгаа дүрвэгсдийн хуаранд мэндэлжээ. Өмнөх хоёр хүүхдээ алдсан гэнэ.
Түүнтэй уулзсан “Sky News”-ийн сурвалжлагч “Сири рүү зугтсандаа харамсдаг уу” гэж асуухад “Зарим талаар тий. Гэхдээ энэ алхам намайг хувь хүний хувьд өөрчилсөн. Намайг илүү хүчирхэг, тэвчээртэй болгосон. Тэнд би нөхөртэйгөө учирч гэрлэсэн. Британиас тийм хүн олдохгүй байсан” хэмээн хариулжээ.
“Бид маш хүнд шийдвэр гаргах хэрэгтэй болж байна. Их Британиас зугтан “Лалын улс” бүлэглэлд элссэн, одоо буцаж ирэхийг хүсч байгаа хүмүүст хэрхэн хандах ёстой вэ гэдгийг тодорхойлно гэдэг утгаараа энэ шийдвэрийг маш бодож гаргах ёстой болоод байна”
Сажид Жавид /Их Британийн Дотоод хэргийн сайд/
Шамима Сирийн зүүн хэсэгт оршиж байсан “Лалын улс”-ын хамгийн сүүлийн бэхлэлтээс хоёр долоо хоногийн өмнө зугтжээ. Нөхөр нь Голландын иргэн, лалын шашинтай нэгэн байсан бөгөөд Сирийн армид бууж өгсөн байх гэж таамаглаж байгаа гэнэ. Тэрээр “Лалын улс”-д ирснийхээ дараа би интернэтэд тавигдсан видео бичлэгүүдийг үзсэн. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би зөвхөн гэрийн эзэгтэй л байсан. Аюултай зүйл юу ч хийгээгүй” гэсэн байна. Түүнийхээр бол их британичууд түүний өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэр, хийсэн алхмыг нь уучлах ёстой гэнэ. Гэвч шийдвэр гаргах эрх мэдэлтнүүд болоах улстөрчдийн байр суурь энэ асуудал дээр зөрж байна.
Кадиза Султана, Амира Абасе, Шамима Бегум
Олон улсын хуулиар бол өөр улсын иргэн болоод буцаж ирж байгаа иргэнээ Их Британи ямар ч асуудалгүй буцааж авах ёстой аж. Гэтэл Шамимагийн явсан газар нь “Лалын улс” бүлэглэл байгаа нь асуудал дагуулжээ.
Британийн сайд нарын танхимын гишүүн, Дотоод хэргийн сайд Сажид Жавид “Бид маш хүнд шийдвэр гаргах хэрэгтэй болж байна. Их Британиас зугтан “Лалын улс” бүлэглэлд элссэн, одоо буцаж ирэхийг хүсч байгаа хүмүүст хэрхэн хандах ёстой вэ гэдгийг тодорхойлно гэдэг утгаараа энэ шийдвэрийг маш бодож гаргах ёстой болоод байна” хэмээн өгүүлсэн байна.
Өсвөр насны гурван охин Их Британиас “Лалын улс” бүлэглэл рүү зугтсан нь тухайн үедээ олон улсын хэмжээнд шуугиан дэгдээж байсан юм. Зугтсан охидоос Шамима Бегум Сирид дүрвэгчдийн хотхонд амьдарч байгаа нь тодорхой болсон бол Кадизаг байшин нь дэлбэрэлтэд өртөх үед амиа алдсан гэж үзэж байна. Харин Амирагийн хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм.