Дэлхий дахинд
Ши, Путин нар Украины талаар 12 зүйлт төлөвлөгөөг хэлэлцэнэ
Хятадын дарга Ши Жиньпин өчигдөр /2023.03.20/ Москвад айлчилсан. Тэрбээр энэ айлчлалын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй “Украины хямралыг зохицуулах” 12 зүйл бүхий төлөвлөгөөг хэлэлцэх юм. Удирдагчид бие биеэ хүндэт найз минь гэж дуудаад зогсохгүй “Хэлэлцээрт үргэлж нээлттэй” гэж Путин хэлжээ. Өнөөдөр бол тэдний хэлэлцээ хийх гол өдөр юм.
Хятадын улсыг шударга ёсны зарчмуудыг баримталж, улс орон бүрийн аюулгүй байдлын төлөө зүтгэж байгааг Путин сайшаасан. “Таныг Хятадын даргаар дахин сонгогдсон явдалд баяр хүргэмээр байна. Сүүлийн жилүүдэд Хятад улс хөгжлийнхөө хувьд асар том үсрэлт хийсэн. Дэлхий дахин үүнийг сонирхон харахын сацуу бага зэрэг атаархаж байна” гэж тэр хэллээ.
Харин Ши Жиньпин хариуд нь “Таны хүчирхэг удирдлага дор Орос улсын цэцэглэн хөгжих явц амжилттай байна. Оросын ард түмэн танд тууштай дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн “Хятад, Орос хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа нь нэг талаас олон улсын шударга ёс, хариуцлагыг бий болгохын зэрэгцээ нөгөө талаас хамтын хөгжил цэцэглэлтэд тус дэм болно гэж найдаж байна. Бид хоёр улсын харилцаанд онцгой ач холбогдол өгч байна. Үүний ард түүхэн шалтгаан ч бий. Яагаад гэвэл бид бие биенийхээ хувьд хамгийн том хөрш, стратегийн түнш нь юм” гэв.
Ши Жиньпин даргыг Даваа гаригийн орой Оросын хойд хэсгийн Печора голын загас, уламжлалт далайн бүтээгдэхүүний шөл, бөднө шувуутай хуушуур зэрэг долоон төрлийн хоолоор дайлсан байна. Оройн зоогийн үеэр Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Украин дахь үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулжээ.
Олон улсын эрүүгийн шүүх Путиныг баривчлах тушаал гаргасны дараа энэ айлчлал тохиож байна. Техникийн хувьд Путиныг 123 улсад баривчлах боломжтой гэж тодорхойлсон ч үүнд нь Хятад, Орос хоёр багтаагүй юм. Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг үл тоон Ши Жиньпин Москвад айлчилснаар “Хятад улс Украины дайнтай холбоотойгоор Кремльтэй хариуцлага тооцох ямар ч боломжгүй” гэдгээ харууллаа гэж ажиглагчид үзэж байна.