Дэлхий дахинд
Apple компанийн гүйцэтгэх захирал Хятадын эдийн засгийн чуулганд оролцохоор Бээжинд иржээ
Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болох Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кук энэ амралтын өдрүүдэд Бээжинд болох бизнесийн чуулганд оролцохоор Хятад улсад иржээ.
Түүнтэй хамт ахуйн бараа үйлдвэрлэлийн дэлхийн томоохон компани Procter & Gamble, хөрөнгө оруулалтын Blackstone, Bridgewater Associates компаниудын удирдлагууд ирсэн байна.
Тэд бүгд China Development Forum (CDF) арга хэмжээнд оролцох ажээ.
Уг арга хэмжээг жил бүр Швейцарын Давост болдог Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы хятад хувилбар гэж үздэг.
CDF нь цар тахлын улмаас гурван жил онлайн зохион байгуулагдсаны дараа энэ жил офлайн болж байгаагаараа онцлог юм.
Энэ удаагийн чуулганаар гадаадын бизнесмэнүүд саяхан шинээр томилогдсон Хятадын ерөнхий сайд Ли Чяньтай анх удаа уулзах магадлалтай байна.
Хятадын шинэ ерөнхий сайд өөрийн улсын эдийн засагт итгэх итгэлийг сэргээхээр идэвхтэй ажиллаж эхлээд байгаа.
Баасан гарагийн үдээс хойш Бээжингийн Санлитунд байдаг Apple-ийн дэлгүүрт Тим Кук зочилжээ. Энэ дэлгүүр нь Ази тивд хамгийн томд тооцогддог.
Хэдийгээр Америк-Хятадын харилцаа сайнгүй байгаа ч Apple-ийн нэр хүнд Хятадад өндөр байгаа. Өнгөрсөн оны сүүлийн улиралд Хятадын гар утасны зах зээлд Apple тэргүүлж, аравдугаар сард зарагдсан дөрвөн гар утас тутмын нэг нь iPhone байсныг Counterpoint судалгааны байгууллага мэдээлсэн байдаг.