Дэлхий дахинд
Хорьдугаар зууны алдартай гэрэл зургийн эзэн 95 насандаа таалал төгсжээ
Дэлхийн хоёрдугаар дайн дууссан тухай баяртай мэдээг сонссон усан цэрэг Таймс Скюар талбайд сувилагч бүсгүйг тэврэн үнсэж байгаа гэрэл зураг өнгөрсөн зууны шилдэг бүтээлүүдийн нэгт тооцогддог.
Энэхүү зурагны гол баатар Жорж Мендонса өнгөрсөн Ням гарагт 95 насандаа таалал төгсжээ. Тэрээр Род Айландын Мидлтауны асрамжийн газарт амьдралын сүүлийн өдрүүдээ өнгөрөөж байсан юм.
1945 оны наймдугаар сарын 14-ний өдөр Япон улс АНУ-д бууж өгсөн мэдээг сонсоод баярлаж хөөрсөн усан цэрэг Мендонса шүдний эмчийн туслах Грета Зиммер Фридманыг тэврэн авч үнссэн байна.
Тухайн үед дайн дууссаны баярыг тэмдэглэхээр хүмүүс Нью Йоркийн гудамж талбайд цуглараад байсан юм. Мендонса, Фридман нар энэ үнсэлтээс өмнө хэзээ ч уулзаж байгаагүй гэдэг.
Уг ховор агшныг гэрэл зурагчин Алфред Эйзенштадт буулгаж, “Life” сэтгүүлд “V-J Day in Times Square” нэртэй анх нийтлүүлж байжээ.
Гэвч дараа нь “Kiss” (Үнсэлт) нэрээр алдаршсан юм.
Сүүлд гэрэл зургийн эзэн болох гэсэн олон хүн гарч ирж байсан ч Мендонса, Фридман нарыг эцэст нь жинхэнэ эздээр тодруулсан байна. Мендонса байлдааны усан онгоцон дээр алба хааж байсан ба дайн дууссаныг зарласан өдөр Нью Йоркоос дайны талбар руу явах гэж байжээ.
2015 онд ярихдаа Мендонса гудамжинд тааралдсан бүсгүй байлдааны хөлөг дээр шархдсан цэргүүдийг асарч байсан сувилагч нартай адилхан харагдсан тул өөрийн эрхгүй тэвэрч үнссэн гэж дурссан байдаг.
Харин Фридман усан цэрэгт санаандгүй, хүчээр үнсүүлж байснаа 2005 онд дурссан байна.
Тэрээр 15 настай байхдаа дайнаас дүрвэж Австриас АНУ-д ирсэн хүн юм. Фридман 2016 онд 92 насандаа Виржиниагийн Ричмонд хотын эмнэлэгт нас баржээ.
Эх сурвалж: Associated Press