Улс төр
Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл тавив. Тэрбээр илтгэлдээ, сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр жендерийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл ажиллагаа улам эрчимтэй явагдаж байгааг онцлоод, дэлхийн олон улс оронд эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь бодит оролцоог нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлдэг сайн жишиг хэдийнээ тогтоод байна. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийн хувьд чадавхжуулах нь улс орны бизнесийн орчныг бүхэлд нь эрчимжүүлээд зогсохгүй гэр бүлийн орлогыг өсгөж, амьдралын чанар сайжруулан, хүүхдийн эрүүл мэнд, боловсролд оруулах хөрөнгө оруулалт дөрөв дахин нэмэгдүүлдэг тухай судалгаа байгаа нь нийгмийн олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх чухал хөшүүрэг гэж үздэг юм. Улмаар эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоо нэмэгдэх нь хүн амын өсөлт, улс орны ирээдүйн хөгжилд онцгой чухал үүрэгтэй гэсэн юм. Мөн тэрбээр, манай улс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй холбоотой ангиллыг эрх зүйн хүрээнд албан ёсоор тодорхойлж төрийн бодлогоор дэмжих талаар нарийвчилсан эрх зүйн зохицуулалтгүй явсаар иржээ. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон холбогдох байгууллагуудын хийсэн судалгаагаар Монгол Улсад бизнес эрхлэгчдийн хүйсээр ангилсан тоон мэдээлэл дутмаг байна. Энэ нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна гэлээ. Түүний дурдсанаар, 2021 оны байдлаар манай улсад 147 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэний 37 хувь нь эмэгтэй, 63 хувь нь эрэгтэй захиралтай байгаа юм.
Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл илтгэлдээ, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгаснаар нийгмийн харилцааны бүхий л салбарт хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах нь тогтвортой хөгжлийн суурь болдог гэж үздэг. Энэ хуулийн төслийг боловсруулах болсон хууль зүйн үндэслэл нь, Эмэгтэйчүүдийг алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцын 11 дүгээр зүйлийн, Эрэгтэй эмэгтэйчүүдэд ажлын хувьд тэгш хандах ажлын чанарыг адил үнэлүүлэх, банкны зээл авах, үл хөдлөх хөрөнгө барьцаалах болон бусад хэлбэрээр санхүүгийн зээл авах эрхээр хангах тухай олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх юм. Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан хүн амын бүлэг бүрийн онцлогт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эмэгтэйчүүдэд нийгмийн амьдралын бүх хүрээнд үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах, тэгш боломжоор хангагдах боломж бүрдүүлэх зорилтууд хангагдана. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн хуулийн ач холбогдол нь хүйсээр ангилсан нэгдсэн мэдээллийн сан бий болж, түүнд суурилсан бодлого хөтөлбөр хэрэгжинэ. Бодлого хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх замаар санхүүгийн хөшүүргүүд зорилтот бүлэгтээ хүрнэ. Олон улсын санхүүгийн төрөлжсөн үйлчилгээнүүдэд эмэгтэй бизнес эрхлэгчид хамрагдах боломж бүрдэнэ. Банк санхүүгийн байгууллагууд эмэгтэй бизнес эрхлэгчдэд ээлтэй санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх хөшүүрэг болно. Жендерийн мэдрэмжтэй төсвийн төлөвлөлт хэрэгжинэ. Ижил төрлийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хоршоолон, хамтарч ажиллах боломжууд нэмэгдэнэ. Өнөөдөр дэлхийн 35 орон эмэгтэй бизнес эрхлэгч хэн бэ гэдгийг тодорхойлсон хуультай байна. Азийн хөгжлийн банкны судалгаагаар, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэнээр дотоодын нийт бүтээгдэхүүнээ 16.1 хувиар өсгөх боломжтой байдаг үзүүлэлт гарсан байна. Тиймээс эмэгтэй гишүүд бидний санаачлан боловсруулсан Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эд эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж өгөхийг та бүхнээсээ хүсье гэлээ.
Эдгээр хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Ч.Ундрам нарын санаачилж 2022 оны наймдугаар сарын 19-нд өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хороо 2023 оны гуравдугаар сарын 28-ны хуралдаанаараа хэлэлцсэн талаар мэдээлээд, хуулийн төсөлд, аж ахуй эрхлэгч эмэгтэй, аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдээс бүрдсэн хуулийн этгээдийн нэр томьёо, тодорхойлолтыг тухайлан хуульчилснаар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ийн зөвлөмжийн 24 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангах болон улмаар хуулийн этгээдийн ил тод байдал хангагдаж олон улсын байгууллагаас санхүүжилт авах боломж бий болох юм. Хуулийн төсөлд тусгасан дэмжлэг гэдэг нь аль нэг хүйсийн аж ахуй эрхлэгчийг онцгойлон дэмжиж байгаа харилцаа биш. Гагцхүү хэрэгжүүлж байгаа бодлогын 40-өөс доошгүй хувийг аж ахуй эрхлэгч эмэгтэй бүрдүүлэх, доод шалгуурыг тогтоох, орон нутгийн түвшинд аж ахуй эрхлэгч эмэгтэй бүрдүүлэх аж ахуй эрхлэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэх тохиолдолд эмэгтэй аж ахуй эрхлэгчийг хамруулах талаар тухайлан зохицуулахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон үндэсний хууль тогтоомж, урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн нийгмийн нэг бүлгийг төлөөлж эдийн засаг бизнесийн орчинд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг төр хувийн хэвшлээс дэмжих эрх зүйн орчин бүрдэх бөгөөд улсын төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ гэв.
Хуулийн төслийн хэлэлцүүлэгт иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Нийгмийн бодлогын байнгын хорооноос Улсын Их Хурлын www.d.parliament.mn парламент цахим хуудаст байршуулан санал авч байгааг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа дурдаад, тус байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед 2020 оноос хойш буюу Ковид-19 цар тахлын халдварын үед Засгийн газраас хэрэгжүүлсэн 10 их наяд төгрөгийн зээлийн хөтөлбөр, Сангийн яам, Азийн хөгжлийн банк зэрэг бусад эх үүсвэрээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдэд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамрагдсан хувь хэмжээ, хамрагдаж чадаагүй шалтгаан нөхцөлийн талаар асууж, мэдээлэл авсан тухайгаа танилцуулав. Мөн Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен хуулийн төслийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хууль болон Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуультай нийцэж байгаа эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хуулийн төслийн нэр томьёо, аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүд гэсэн ойлголтод албан бус секторт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд хамрагдах эсэх талаар, мөн аж ахуй эрхэлж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг төрөөс дэмжих дэмжлэгийг оновчтой тодорхойлсон эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хуулийн төсөлд тусгагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг тэргүүн ээлжид хамруулах талаар судалгаа тооцоолол хийсэн эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хуулийн төсөл батлагдсанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан болон бусад хөгжлийн сангуудаас аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүд тэргүүн ээлжид хөнгөлөлттэй зээл авах боломжтой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан хуулийн төсөлд малчин эмэгтэйчүүд болон хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн хангах талаар асуулт асууж хариулт авсан байна.
Чуулганы нэгдсэн хуралдаан нээлттэй горимд шилжсэн тул Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр тохиож буй “Олон улсын эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Монголын нийт эмч, эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэндийн салбарын зүтгэлтнүүд болон нийт ард түмэнд хандан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, хүний хөгжлийг хэмждэг гол үзүүлэлтүүдийн нэг нь хүн амын дундаж наслалт юм. Тэртээ 1950 оноос хойш монгол хүний дундаж наслалт бараг хоёр дахин өслөө. Өнөөдөр монгол хүний дундаж наслалт 71 хүрсэн байна. Энэ бол нийгмийн хөгжлийн үр дүн, манай эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн ажилтнуудын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг цохон тэмдэглэе. Ковид-19 цар тахлын хүндрэлийг даван туулахад ч манай эмч, эмнэлгийн ажилтнууд нөр их хөдөлмөр, өндөр үүрэг гүйцэтгэснийг бид мартаагүй байна. Тийм учраас Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах ариун үйлст эрдэм мэдлэг, хүч чадлаа харамгүй зориулан ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч нартаа болон түмэн олондоо эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе гэлээ.
Нийгмийн бодлогын Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Х.Булгантуяа, Д.Өнөрболор, Т.Доржханд, Т.Энхтүвшин, Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг, Б.Жаргалмаа, Ц.Сэргэлэн. Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж, үг хэллээ. Гишүүдийн асуултад төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллы яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөдөлмөр эрхлэлт, ажлыг байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтанхундага, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал, хуульч Х.Баасанжаргал, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвийн захирал, хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Лакшми, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, “Жүр Үр” ХХК-ийн захирал Б.Мөнхзул, мөн зөвлөлийн гишүүн, “Траст трэйд” ХХК-ийн захирал Р.Сансармаа, мөн зөвлөлийн зөвлөх Л.Болормаа нар хариулт өгөв.
Улсын Их Хурлын гишүүд Монголын ТОП100 аж ахуйн нэгжийн захирлууд дотор болон банкны салбарын нийт зээлдэгчдийн дотор эмэгтэйчүүдийн эзэлж буй хувь, мөн улсын төсөв болон олон улсын байгууллагын эх үүсвэрээр хэрэгжүүлж буй зээлийн хөтөлбөр, төсөлд хамрагдаж буй эмэгтэйчүүдийн тоон мэдээлэл, бизнес эрхлэх, аж ахуй эрхлэх болон зээл, санхүүгийн ажилд хэрхэн үлгэр жишээ, сайн ханддаг талаарх жишээ баримт зэргийг тодруулж, хуулийн төслийг эмэгтэйчүүдийн зөвхөн аж ахуй эрхэлдэг хэсэгт чиглүүлэх бус нийт эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог дэмжихэд чиглүүлэх тухай, дийлэнх нь албан бус секторт хөдөлмөр эрхэлж байгааг хэрхэн албан сектор руу шилжүүлэх тухай, тэдний хэзээ ч үнэлэгддэггүй гэр ахуйн ажил хөдөлмөр, хүүхэд төрүүлснийхээ төлөө цалин орлогогүй болж хохирдгийг хэрхэн зохицуулах тухай, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бүтэц бий болгох эсэх, мөн хуулийн төсөлд тусгасан дэмжлэг, санхүүгийн дэмжлэг зэрэг томъёоллыг ямар агуулгаар ойлгох, хилийн заставт залуу нас, амьдралаа зориулж буй эмэгтэйчүүдийг дэмжих боломж энэ хуулиар бий болох эсэх зэрэг олон асуулт, асуудлыг хөндөж, Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийн төгсгөлд хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт зөвлөмж өгч, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монголын ТОП 100 аж ахуйн нэгжийн 27 нь буюу 27 хувь нь эмэгтэй захиралтай, нийт аж ахуйн нэгжийн 28.9 хувь нь өмчийн эзэмшлээрээ эмэгтэй бизнес эрхлэгчдэд хамаарч байгаа бол идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 31.2 хувь нь эмэгтэйчүүдийн эзэмшилтэй байна. Аж ахуйн нэгжийн тооллогын дүнгээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжийн 39.6 хувь нь эмэгтэй захиралтай байна. Түүнчлэн, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа нийт иргэдийн 53.3 хувь нь эмэгтэйчүүд, үүний дотор өрх толгойлсон эхчүүд байгааг хувиараа эрхлэх аж ахуй, бичил бизнес эрхлэгчид гэж үзэн, хуулийн үйлчлэлд хамруулах асуудалд анхаарах ёстой. Олон улсын стандартаар “бизнес эрхлэгч эмэгтэй” гэж тодорхойлсон хэсгийн дээр нийт ажиллагсдын 50-аас дээш хувийг эмэгтэйчүүд эзэлж буй аж ахуйн нэгжүүдийг нэмж тооцон, хуулийн төсөлд нарийвчлан тодорхойлж ажиллах нь зүйтэй. Энэ хууль батлагдсанаар ялгаварлан гадуурхалт буюу Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн асуудал үүсэх эсэх талаар Улсын Их Хурлын гишүүд асууж, ярьж байна. Дэлхийн эдийн засгийн форумаас Жендерийн ялгаатай байдлын индексийг дөрвөн үзүүлэлтээр дэлхийн 150 улсыг жагсаан гаргадгийн дотор манай улс эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо боломжийн талаарх үзүүлэлтээрээ 2022 онд гурван байр ухарсан байна. Монгол Улсад тулгарч байгаа энэ эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, бизнесийн орчин дахь жендерийн тэгш бус байдлын асуудал бол нийгэмд бодитой оршин байгаа зүйл. Үүний дотор хамгийн тулгамдаж байгаа асуудал бол санхүүжилт. Өмч хөрөнгөө өрхийн тэргүүн эрэгтэйчүүдийн нэр дээр бүртгүүлдэг хандлага манай улсад түгээмэл байдгаас аж ахуй эрхэлдэг эмэгтэйчүүд барьцаа хөрөнгө хангалтгүй гэсэн үндэслэлээр зээл, санхүүжилт авч чадахгүй байгаа. Энэ нь цаанаа өмчийн харилцаатай холбоотой. Дараагийн чухал асуудал бол, хөдөлмөрийн үнэлгээ. Ижил төстэй ажлын байран дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин орлогын хэмжээ ялгаатай байна. Тэгэхээр Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн дагуу эрэгтэй, эмэгтэй хүний нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг арилгахын тулд авч хэрэгжүүлж байгаа тусгай арга хэмжээг ялгаварлан гадуурхалт буюу аль нэг хүйсийн давуу байдал олгосон гэж үзэхгүй гэж тодорхойлсон. Тийм учраас Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл эмэгтэйчүүдийг илүүд үзэх, харж үзэх гэж байгаа зүйл юм биш. Харин байгалийн онцлог, нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалан эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл сорилтуудыг даван туулахад нь тус болохуйц ийм хуульчилж, тодорхойлолтыг бий болгож, мэдээллийн сан бүрдүүлж ажиллах нь дэлхий нийтийн хандлага болсон байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх тогтолцоог олон улсад хүлээн зөвшөөрсөн. Энэ чиглэлээр олон төсөл, хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлж байна. Иймд тогтолцоо бий болгохдоо жендерийн харилцан адилгүй нөхцөлөөс үүссэн тэгш бус байдлыг арилгахад хуулийн үзэл санаа, зорилго чиглэх ёстой гэлээ.
Байнгын хорооноос оруулж ирсэн саналын дагуу хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 67.5 хувь дэмжлээ. Ингээд Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд1 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр1 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав