Нийгэм
Тавантолгой түлш ХХК Зүүн болон Төвийн үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлжээ
Нийслэлчүүдийн тэн хагасыг дулаан өвөлжүүлэх үүрэг хүлээдэг Тавантолгой түлш компанийнхан техникийн хүчин чадлаа нэмэгдүүлжээ. Тус компани 2018 онд байгуулагдсан ч өнгөрсөн хугацаанд өөр хоорондоо хамаарал бүхий хоёр том асуудалтай нүүр тулж иржээ. Нэг нь Баруун үйлдвэрийн ачааллыг бууруулах, нөгөө нь Зүүн үйлдвэрийг төлөвлөсөн хүчин чадалд нь хүргэж ажиллуулах. Тэр үед нийт үйлдвэрлэлийн 80 орчим хувийг Баруун үйлдвэр нуруундаа үүрч байсан юм. Үүнээс үүдэлтэй орчны бохирдол үйлдвэрийн орчмын оршин суугчдын эрүүл орчинд амьдрах эрхийг зөрчиж байлаа. Тиймээс Баруун үйлдвэрийн ачааллыг шат дараатай бууруулж, яваандаа үйлдвэрлэлийг зогсоох бодлогыг Засгийн газраас барих болсон.
Ингэхийн тулд Зүүн болон Төвийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ёстой. Тухайн үед Зүүн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байсан бөгөөд шахмал түлшийг хэвлэх болон хатаах зэрэг тоног төхөөрөмжүүд нь үйлдвэрлэлийн горимд жигдрээгүй байсан аж.
Угтаа Зүүн үйлдвэрийг анх байгуулахдаа Баруун үйлдвэрийн ачааллыг өөртөө авах хэмжээний хүчин чадалтай байхаар тооцсон билээ. Гэвч 2021 онд үйлдвэрлэсэн түлшний хэмжээг авч үзвэл, Зүүн үйлдвэр нийт түлшний дөнгөж 13.9 хувийг үйлдвэрлэсэн нь тус компанийн жил жилийн үйлдвэрлэлийн мэдээг харвал тодорхойлогдоно.
Үүнийг засаж залруулах ажлыг тус компанийн инженер, техникийн ажилтнууд цаг алдалгүй хийж үйлдвэрүүдийн ачааллыг тэнцвэржүүлээд байгаа гэнэ.
Тодруулбал Зүүн үйлдвэрийн хоёрдугаар цехийн 1, 2, 3-р шугамын хавтант хатаагчийн угсралт, суурилуулалтын ажлыг 2022-2023 оны өвлийн ачааллаас өмнө бүрэн дуусгаж чанар, стандартын шаардлага хангасан шахмал түлш үйлдвэрлэж эхлэв. Мөн нэгдүгээр цехийн 1, 2, 3-р шугамд БНСУ-ын Jeil machinery компанийн үйлдвэрлэсэн гурван ширхэг хэвлэгч төхөөрөмжийг шинээр суурилуулсан байна. Үүний үр дүнд Зүүн үйлдвэр 2022 онд хоёр дахин их түлш үйлдвэрлэж нийт түлшний 25.5 хувийг үйлдвэрлэсэн байна. Харин энэ онд нийт үйлдвэрлэлийн 54.1 хувийг бүрдүүлэхээр төлөвлөж, үйлдвэрээ жигдрүүлээд байгааг тус компанийнхан ам нэгтэй ярьж байна.
Шахмал түлш бидний хувьд цоо шинэ зүйл биш. Үе үеийн Засгийн газар агаарын бохирдолтой тэмцэх хөтөлбөр боловсруулж шахмал түлшний үйлдвэр барьж байсан түүх бий. Гэвч түүхий нүүрстэйгээ зэрэгцүүлж худалдаалсан нь амжилтад хүрээгүй гэдэг. Өмнөх хөтөлбөрүүдийн үлдэгдэл нь ТЭЦ-2-ийн дэргэдэх шахмал түлшний үйлдвэр юм. Энэ үйлдвэрийг Тавантолгой түлш ХХК байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн болгож шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн.
Тус үйлдвэр өдөрт 300 хүртэлх тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байж. Харин үүний хүчин чадлыг тус компанийнхан нэмэгдүүлж өргөтгөл хийснээр хүчин чадал нь 2,5 дахин нэмэгдүүлж өдөрт 800 тонн түлш үйлдвэрлэх боломжтой болгожээ. Энэ нь Улаанбаатар хотын түлшний хэрэглээний 43 хувийг дангаараа хангах боломжтой болоод байгаа гэнэ. Төвийн үйлдвэр 2021 онд нийт үйлдвэрлэлийн 7.6 хувийг бүрдүүлж байсан бол энэ онд нийт түлшний 25.6 хувийг үйлдвэрлэхээр тооцоолжээ. Энэ мэтээр Тавантолгой түлшийнхэн үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлж ирэх өвлийн бэлтгэлээ базаасаар байна.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм17 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр17 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр17 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа