Нийгэм
БНСУ-д үйлдвэрлэсэн 20 цахилгаан автобусыг долоодугаар сард оруулж ирнэ
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит IV хуралдаан боллоо.
Хуралдаанаар авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй ажлын явц, гарц, шийдлүүдийн талаар хэлэлцэв.
Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ (RFID) нэвтрүүлэх ажлын явцын талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцууллаа. Тэрбээр “Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID-ийг нэвтрүүлэх дэд бүтцийн бэлтгэл ажлыг хангаж байна. Нийслэлд авто замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд 442,477 ширхэг цахим гэрчилгээг суурилуулах ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан. Түүнчлэн нийтийн тээврийн 600 автобусанд туршилтаар суурилуулаад байна. Ирэх долоодугаар сарын 5 гэхэд эхний 50 мянган тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг оруулж ирэх бөгөөд 100 цэгээр дамжуулан суурилуулах юм” гэлээ.
Авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй нийтийн тээврийн парк шинэчлэлийн явцын талаар танилцууллаа.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгой анхаарч ажиллаж байна. Бид 2023 ондоо багтаан парк шинэчлэлийг 90 хувьд хүргэхээр төлөвлөсөн. БНСУ-д үйлдвэрлэсэн “Евро 5” стандартын 600, дунд оврын 50, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан 150 автобус арваннэгдүгээр сараас нийтийн тээвэрт үйлчилнэ” хэмээлээ. Энэ хүрээнд БНСУ-д үйлдвэрлэсэн 20 цахилгаан автобус долоодугаар сарын эхээр орж ирэх юм.
Түүнчлэн нийслэлд барьж буй холбоос зам, замын байгууламжууд, гүүрэн гарц нэмэгдүүлэх, өргөтгөх, шинэчлэх, нийтийн тээвэрт зориулан чөлөөлөх нэгдүгээр эгнээг нэмэгдүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг хуралдааны үеэр онцолж байв.
Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд судалгаанд тулгуурласан цогц ажил, арга хэмжээнүүдийг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэн ажиллаж буй. Тухайлбал, Улаанбаатар хотын замуудыг тойрог байдлаар холбох шинэ тойрог замын зураг төсөл гарч, эхний шатны ажлууд урагшилж байна. Мөн замын хөдөлгөөний зохион байгуулалт дээр онцгойлон анхаарч, тодорхой зохицуулалтыг хийж байгаа юм.
Нийслэлийн хүн амын төвлөрлийг задалж, агаар болон хөрсний бохирдлыг багасган, авто замын түгжрэлийг шийдэхэд “Хүн төвтэй дагуул хот”-уудын төлөвлөлтийг бий болгох нь чухал. Энэ чиглэлд Засгийн газар онцгой анхаарч, нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг олон төвтэй дагуул хот руу шилжүүлэх, улмаар иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцолсон. Тодруулбал, Улаанбаатарыг 15 дагуул хоттой байхаар төлөвлөсөн бөгөөд 13 дагуул хотын хэсэгчилсэн төлөвлөгөөг одоогоор НИТХ-аар батлуулжээ.
Ташрамд, түгжрэлийг шийдэхэд зориулан төсөвлөсөн 420 тэрбум төгрөгөөс 280 тэрбум орчмыг нийслэл өнгөрсөн онд зарцуулсан байна. Үүнээс 90 тэрбум гаруй төгрөгийг сургууль, цэцэрлэгийн барилга барих болон засвар, өргөтгөл хийх, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, 72 тэрбумыг газар чөлөөлөлт, 70 тэрбумыг нийтийн тээврийн парк шинэчлэлд зарцуулсан бөгөөд хашаа хайс буулгах, зам гүүрний ажлыг эхлүүлэхэд 48 тэрбумыг зарцуулжээ.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм11 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр11 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр11 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа