Нийгэм
Хамтын хүчээр ундны усны эх үүсвэрт төгөл байгуулж байна
М.Даваадулам
Хамтын төгөл гээд нэр нь хүртэл сонсголонтой сонсогдох нэг га газрыг хамарсан энэ төглийг Ус сувгийн удирдах газрын 1600 ажилтан, сайн дурын 200 орчим иргэний сэтгэлийн хандиваар Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын талбайд байгуулжээ. Хамтын төгөл ойжуулах төсөл нь ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын талбайг нөхөн сэргээх зорилготой юм байна. Мөн байнгын харуул хамгаалалттай, иж бүрэн усалгааны системтэй талбайд хүн бүр хайраа шингээн мод, жимс ургуулж байгаа нь энэ төглийн хамгийн том давуу тал юм. Халуу дүүгсэн энэ өдөр харин тэр нэг га талбайд чийг, нялх моддын үнэр, хамар цоргино. Ой мод зуны улиралд орчны тоосыг 50 хувь шингээхээс гадна чийг тунадасны 75 хувийг хөрсөнд шингээдэг. Түүнчлэн бие гүйцсэн нэг ширхэг навчит мод дөрвөн хүний бүтэн жил амьсгалах хүчилтөрөгч үйлдвэрлэдэг гэхээр мод бидний амьдралд ямар чухал үүрэгтэй болох нь харагдаж байна. Төмөр торон хашаагаар хүрээлэгдсэн хэсэг газар ногоорч харагдах атал хашаанаас гараад нэг алхахад л шороо пургиж, хуурай агаар нүүр төөнөнө. Мод өөрөө хөрсний усыг татаж, орчноо нэлэнхүйдээ ногооруулж буйг харсан хэн бүхэн нэг ч болов мод тарихсан гэж өөр хоорондоо ярилцана. Хүн амьдралынхаа туршид 17 ширхэг мод тарихад амьсгалсан агаараа нөхдөг гэж хэн нэгэн мэргэжлийн хүний хэлсэн үг санаанд бууна. Тиймээс хүмүүс минь ядаж энэ тооны модыг тарьсан байхад бид цэнгэг агаараар амьсгалаад байх боломжтой юм байна шүү. Энэ төгөл улсын онцгой бүс буюу цэвэр усны эх үүсвэрийн талбайд байгуулагдсан тул аюулгүй байдлаа хангах үүднээс хүссэн хүн бүр орох боломжгүй юм байна. Тэр утгаараа дотоодын цэргийнхэн цэвэр усны ундаргын эх үүсвэрийн талбайг хамгаалж байлаа. Тиймээс бид бичиг баримтаа шалгуулснаар цааш нэвтэрсэн юм. Хүн, малын нөлөөлөл багатай учраас энд туулай, хярс гээд амьтад харагдах бөгөөд удахгүй амьтны хүрээлэнгийн дайтай болсон байхад нэг их гайхах зүйл байхгүй л болов уу. Хамтын төгөлд суулгацуудыг тавдугаар сарын 1нд суулгасан боловч 40 гаруй хоногийн дотор үнэхээр сайхан болсон байлаа. Мэдээж энд арчилж, тордож байгаа хүмүүсийн сэтгэлээс гадна хандивлагчдын итгэл давхар явж буй. Уг төгөлд төрөл бүрийн мод бутнаас гадна жимсний мод ч тарьсан байв. Хэдэн жилийн дараа битүү модоор бүрхсэн төглөөс жимс түүж идэх нь ойлгомжтой, тийм итгэл төрснийг нуугаад яах вэ. Энэ хамт олон эдийн засгийн боломж, бололцооноос хамаарч бүх ундны усны эх үүсвэрийн талбайгаа төгөл болгохоор зорьж буй аж. Хийж хэрэгжүүлсэн ажлыг нь хараад “Сэтгэл байхад хүсэл биелдэг” гэх энэ үг энэ л хамт олонд зориулагдсан гэлтэй. Дараагийн нэгэн өдөр “дахин нэг талбайгаа ийм гоё болгосон” гээд хэлээд зогсох өдөр ойрхон байгаа гэдгийг ч албаны хүн хэлж байсан юм. Модод цэнгэг ус, цэвэр агаар, шимт хөрс бэлэглэдэг тул бид бүгд мод тарьдаггүй юм гэхэд одоо буй ой модоо арчилж хамгаалахад сэтгэлтэй хандах нь юу юунаас илүү чухал. “Хамтын төгөл”-тэй танилцах уулзалтын үеэр Ус сувгийн удирдах газрын Инженерийн бодлогын газрын дарга Н.Одхүү болон Нийтлэг үйлчилгээний албаны ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн, диндралогич Б.Норовсүрэн нарын сэтгэгдлийг хүргэж байна.
Н.Одхүү: Энэ бүтээн байгуулалт ганц энэ төглөөр хязгаарлагдахгүй, цаашид ч үргэлжилнэ
-Манай байгууллага ард иргэдээ найдвартай, цэвэр усаар хангадаг байгууллага билээ. Бие бүрэлдэхүүнд ажиллаж байгаа 1800 гаруй ажилчдын хөдөлмөр, хөлс, хүч, сэтгэл шингэсэн мод бут энэ төгөлд ургаж байгаа. Нэг га газрыг хамарсан мод бут, жимс жимсгэнэ тарих ажлыг бид дангаараа хийж гүйцэтгэж байна. Мөн томоохон хандивлагч болох Соёолж компанийнхандаа болон хамтран ажилласан бусад байгууллагынхандаа баярлалаа гэж хэлье. Энэ бүтээн байгуулалт ганц энэ төглөөр хязгаарлагдахгүй, цаашид ч үргэлжилнэ. Танилцах уулзалт амжилттай, үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн манай диндралогичоос энд ургаж буй модны ач холбогдол, учир шалтгааныг сайн асууж тодруулаарай. Мөн Тэрбум мод-Үндэсний хөдөлгөөний хүрээнд өөр өөрсдийн хашаа, зусландаа мод бут тарьж ургуулах челленжийг өрнүүлээрэй гэж хүсэх байна.
Б.Норовсүрэн : Эх үүсвэрээ хамгаалж мод тарьж байгаа нь усны ундаргын нөөцийг хамгаалж, хөрс чийгээ барихын үндэс болно
– Бид тавдугаар сарын 1-нээс эхлэн модоо тариалсан ч өнөөдрийн байдлаар ийм сайхан ургасан байгаа төдийгүй хамгийн залуу ой болж байна. Төглийнхөө захад гацуур тарьсан. Соёолж компани бидэнд 500 ширхэг суулгац бэлэглэсэн. Харин түүний дотуур бургасыг нэг нүхэнд гурван ширхэгээр тарьсан. Зарим нэг мод хамтаараа, бүлгээрээ их сайн ургадаг. Тиймээс бид тэр онцлогт нь тохируулан, мөн хурдан ургуулахын тулд суулгацаа гурваар нь суулгасан. Бүх модоо ойжуулалтын стандартын дагуу хоёр эгнээ хооронд дөрвөн метр, мод хооронд гурван метр зайтай тарьсан. Түүнчлэн хамгийн дээд талд нь салхиа хаагаад улиас тарьсан. Улиас нь 12 метр өндөр, том болж ургадаг. Жилийн өсөлт нь нэг метрээс дээш байдаг. Ер нь модыг үрээр тарихад доод тал нь гурван жилийн хугацаа зарцуулдаг, тиймээс бид хугацаа алдахгүйн тулд бэлэн суулгацаар тариалсан. Монос гэж модыг бид бүгд мэддэг, мойл ургадаг мод шүү дээ. Бусад моддоос илүү навч хөөж ургадаг. Цагаан цэцэгтэй гоё мод юм. Манай төглийн ихэнх модыг “Шаамар ботаник” гэх ААН хамгийн бага үнийн саналаар нийлүүлсэн байгаа. Үргэлжлээд гүйлс, буйлс гээд хүмүүс “Монгол сакура” гэж нэрлэдэг модны төгөл байна. Тав таван эгнээгээр бүлэглэн тарьж, үүнийгээ нэг ёмкостоор услахаар тооцоолсон. Бүх мод өөрийн гэсэн усалгааны системтэй. Монгол орны хөрс их баялаг хөрс тул модоо арчилж л чадвал бүх төрлийн мод ургах боломжтой. Өрөл модыг Монгол Алтайн “Алтан алим” гээд компани манайд хандивласан байгаа. Мөн аавынхаа дурсгалд зориулаад 108 ширхэг модыг өөрсдөө ирж тарьж өгсөн. Манай төгөлд аав ээжийнхээ дурсгалд зориулж иргэд их мод тарьж байна. Энэ намар сургуулиуд мод таръя гэж саналаа ирүүлж байна. Энэ намар сургуулиуд мод таръя гэж саналаа ирүүлж байна. Нэг мод 10 мянган төгрөгөөр бодогдож, хямд таригдаж байгаагийн учир нь манай байгууллагын ажилчид бусад ажлыг нь хариуцан хийж байгаатай холбоотой. Мод тарихад хамгийн их анхаарах зүйл бол усалгааны систем, мал амьтнаас хамгаалсан тор татах хэрэгтэй байдаг. Хамгаалалтын торыг маань 805 дугаар цэргийн ангийнхан хамтран татаж өгсөн. Их олон хүний хүч хөдөлмөрөөр бий болж байна. Энэ бүхнийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Төслийг санаачлагч нь би. Манай байгууллагын салбар бүрээс төлөөлөл оролцсон ногоон зөвлөл гэж 20 гаруй хүн баг болон хамтран ажиллаж байна. Шар хуайсны тухайд нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Тогоо гэдэг эгч энэ олон шар хуайсуудыг өгсөн. Өөрийн хашаандаа есөн жил ургуулсан модоо бидэнд бэлэглэсэн. Тэр хүн маань манай газрын даргын ээж нь байж таарсан, ийм түүхтэй мод байгаа юм. Бид өгсөн бүх модыг нь амьдруулж чадсан. Тиймээс Тогоо эгчдээ баярлалаа гэж хэлмээр байна. Түүнчлэн цөөн тооны жимсний мод ч тарьсан байгаа. Эх үүсвэрээ хамгаалж мод тарьж байгаа нь усны ундаргын нөөцийг хамгаалж, хөрс чийгээ барихын үндэс болно. Мөн усыг нөхөн сэргээх онцлогтой. Үрсэлгээний хувьд бид өөрсдөө хийх боломжтой. Үржүүлгийн хүлэмжээ ч бэлтгэсэн байгаа, удахгүй хүлэмжээ босгоно. Эхний төгөл маань 2500 хүний хандиваар хийгдсэн бөгөөд цаашдаа бид энэ ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөсөн, иргэдээс ч маш их эерэг хандлага ирж байна. Бид энэ бүхэнд маш их урамшиж, ажил маань зогсолтгүй, амжилттай явж байна.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм11 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр11 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр11 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа