Нийгэм
Төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 42 дугаар хороо зэрэг нийслэлийн хэмжээнд нийт долоон байршил үерт автаад буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, Нийслэлийн Онцгой комисс /НОК/-оос мэдээлэл өгсөн юм.
Шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням:
-Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор НОК 10:00 цагт хуралдаж, Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, нийслэлийн төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор төрийн байгууллагын албан хаагчдыг дайчлан ажиллуулна. Мөн Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна. Дүүргүүдэд үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор дүүргийн Засаг дарга нар газар дээр нь ажиллаж, урьдчилан сэргийлэх, аврах, сэргээн босгох ажлыг хийнэ. Нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлж ажиллах юм гэлээ.
Албан хаагчдад бүх талын дэмжлэг үзүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:
-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК, цэргийн анги нэгтгэлүүдээс хүн хүч татах, Сэлбийн байршлууд дээр далан босгох, зарим гүүрэн байгууламжийг буулгах асуудлыг хэлэлцэнэ. Цаашид ч бороо үргэлжлэн орох тул өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих, хүн хүчээ зөв хуваарилаад эрсдэлээс сэргийлэх, шаардлагатай арга хэмжээ авах үүрэг, чиглэлүүд өгсөн байгаа. Түүнчлэн нөхцөл байдал хүндэрсэн байршлууд дээр ажиллаж буй албан хаагчдад бүх талын дэмжлэг үзүүлнэ. Цаашид голын ай сав газар зөвшөөрөлгүй барилга барих, стандарт нормыг алдагдуулах зэрэг зүйлсийг таслан зогсоож, засаж залруулж ажиллана хэмээв.
Үерт автсан долоон байршилд 500 орчим албан хаагч ажиллаж байна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-Долоодугаар сарын 3-5-ны хооронд бороо үргэлжлэн орсны улмаас Улаанбаатар хотыг тойрсон голуудын усны түвшин нэмэгдэж, үерлээд байна. Сэлбэ болон Дунд гол үерлэн, зам руу хальж урссан. Иймд голын урсгалыг жигд гаргахаар Төв цэнгэлдэх хүрээлэн орчим буюу Соёмботой хөшөөний ойролцоох замыг сэтлэх арга хэмжээ авсан. Усны түвшин тасралтгүй нэмэгдэж, онц аюултай нөхцөл үүсээд байна. Ялангуяа нөхцөл байдал ихээхэн хүндэрсэн Баянзүрх болон Сүхбаатар дүүрэг дэх Сэлбэ голын дагуу төвлөрөн ажиллаж, хальж урсаад байсан хэсгийг барьж, хотхон руу орох урсгалыг зогсоосон. Үерт автсан долоон байршилд 50 гаруй байгууллагын 500 орчим албан хаагч ажиллаж, 7-8 машин техникээр тасралтгүй үерийн усыг соруулж байна. Гэхдээ ус соруулахаас илүүтэйгээр голын усны түвшин нэмэгдэж, хальж байгаа тул голын урсгалыг жигдрүүлэх арга хэмжээ авч байгаа.
Бороо дахин орвол нөхцөл байдал аюултай түвшинд хүрэх тул үерийн даланг шороо, дайрга, элсээр хүчитгэнэ. Мөн стандартын шаардлага хангалгүй барьсан гүүрнүүд байгаа тул тэдгээрийг Улсын Онцгой комисст танилцуулж, цаашлаад гүүрнүүдийг сэтлэн, голын урсгалыг жигдрүүлэх арга хэмжээ авна гэв.
Үерийн далангийн орчим байгаа айлууд сонор сэрэмжтэй байх шаардлагатай
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа:
-Манай газар болон нийслэлийн инженерийн барилга байгууламжийн байгууллагууд хамтран долоодугаар сарын 3-наас эхлэн ажиллаж байна. Үерийн далангийн ойр орчим байгаа айлууд сонор сэрэмжтэй байх шаардлагатай. Бид өглөө 03:50 цагаас хойш гараашинд байгаа машинуудыг гарган ажилласан. Улаанбаатар хотын хэмжээнд Баруун 4 замаас Хархорин хүртэл ганц өргөлт нацосс байгаа. Улаанбаатар хотыг усгүй байлгая гэвэл дөрвөн талд нь нацосс өргөлтийн станц хийх ёстой.
Манай байгууллага Улаанбаатар хотын үерийн барилга байгууламжийн засвар, арчлалт, үйлчилгээг хариуцдаг. Бид эхний ээлжид иргэдийг аюулгүй байлгах, эд хогшлыг хамгаалах үүрэгтэй ажиллаж байна. Томоохон гурван нүхэн гарц усанд автаж, Дунд гол эргээ хальсан нөхцөл байдалтай байна. Улаанбаатар хотын хэмжээнд 461 км үерийн далан шаардлагатай.
Нийт авто замын 20 хувьд л борооны ус зайлуулах шугам сүлжээ байна. Манай байгууллага 206 км авто замын борооны шугам сүлжээний засвар, арчлалт, цэвэрлэгээг хариуцдаг. Бүх авто замд борооны ус зайлуулах шугам сүлжээг стандартын дагуу хийх шаардлагатай. 2020 онд Улаанбаатар хотын хэмжээнд ус тогтдог томоохон хэмжээний 25 байршил байсан. Манайх УБЗАА, Нийслэлийн Замын хөгжлийн газартай хамтран Баянбүрд, Эрэл, Е-март гэх мэт 17 байршлыг усгүй болгосон. Одоо найман байршил үлдээд байна гэлээ.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн инженер Ш.Хосбаяр:
-Барилга байгууламж, цахилгаан тоног төхөөрөмж рүү ус орсон тул Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн тодорхой байршлуудад хүчдэл таслах арга хэмжээ авсан. Байгалийн гамшиг, аюултай үзэгдэл тохиолдож буй учраас буцааж залгах тодорхой хугацаа хэлэх боломжгүй. Үерийн гамшиг бүрэн арилсны дараа үзлэг шалгалт хийсний үндсэн дээр хүчдэлийг эргэн залгана. Нийт 4-5 байршилд 320 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна гэв.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм9 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр9 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр9 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа