Нийгэм
Төр, хувийн хэвшлийн хүрээнд автобусны эцсийн буудлуудыг ая тухтай болгож байна
Улаанбаатар хотын хэмжээнд автобусны нэг эцсийн буудлаас 3-4 чиглэлийн автобусны 50 гаруй жолооч болон иргэд үйлчилгээ авдаг судалгаа бий. Гэтэл тэнд бие засах газраас эхлээд ая тухтай үйлчилгээ авах дэлгүүр ховор байдаг. Иймээс нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор автобусны буудлуудын эцсийн зогсоолын үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хариуцуулахаар сонгон шалгаруулалтыг өнгөрсөн тавдугаар сард нээлттэй зарласан.
Сонгон шалгаруулалтад “Дижитал концепт” ХХК буюу “GS25” сүлжээ дэлгүүр шалгарч, таван байршилд автобусны эцсийн зогсоолыг тохижуулж, ашиглалт үйлчилгээг гурван жилийн хугацаатай хариуцахаар болсон юм. Дэнжийн мянга салбарын тохижилтын ажил дуусаж, ашиглалтад орлоо.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир “Цаашид Нисэх, Баянхошуу, Нарангийн гол, Шар хадны эцэс гэсэн байршлуудад автобусны зогсоолыг тохижуулна. Ингэснээр зорчигч нар төдийгүй автобусны жолооч нарт үйлчилгээ авах, амрах ээлтэй нөхцөл бүрдэнэ” хэмээсэн бол
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд УБЗАА үндсэн үйл ажиллагааныхаа 60 гаруй хувийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж буй. Энэ жил үүнийг 70 хувьд хүргэхээр зорьж байна. Эдгээр автобусны эцсийн буудлуудад “Дижитал концепт” ХХК нийт 1.5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм. Мөн шаардлагатай үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлнэ. Түүнчлэн дээрх байршлуудын нийтийн бие засах газар 24 цагаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд арчлалт, цэвэрлэгээг тус компани бүрэн хариуцна” гэлээ.
Нийтийн тээврийн “Эмсит” ХХК-ийн жолооч П.Үүрийнцолмон үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл иргэдэд үйлчилдэг. Тэрбээр “Энэ салбар нээгдсэнээр жолооч нар бие засах, мөн амрах газартай болж байна. Өмнө нь энэ хавьд цайны газар байдаггүй байсан. Харин одоо “GS25”-аас бэлэн бүтээгдэхүүн авч идэх боломжтой болж байгаад баяртай байна” хэмээн ярив.
“Дижитал концепт” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Бахатхан:
-Энэ нь автобусны эцсийн зогсоолд нээж буй анхны салбар бөгөөд манай 217 дахь салбар. Тус салбарын онцлог нь хотын захын хэрэглэгч нарт илүү ойртож байгаа. 24 цагаар ажиллах учраас эцсийн буудалд ирж зогсож байгаа жолооч нар орж амарч, хоол ундаа идэх бүрэн боломжтой. Түүнчлэн нийтийн бие засах газар бүх хүнд нээлттэй. Дэнжийн мянга салбарын хувьд мод тарьж, ойр орчиндоо тодорхой хэмжээний ногоон байгууламж үүсгээд буй. Автобусны эцсийн буудалд байгуулах бусад салбарт өндөр настан, хүүхэд багачууд суух боломжтой сандал байршуулахаас гадна нийтийн эзэмшлийн талбайн өнгийг сэргээн будаж, сайжруулах ажлуудыг хийж байгаа гэв.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм3 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр3 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа