Нийгэм
Азийн хөгжлийн банкны шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Шаннон Ковлиныг хүлээж авч уулзав.
Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд хатагтай Шаннон Ковлинд Монгол Улсад ажиллах Суурин төлөөлөгчийн албанд томилогдсонд баяр хүргэж ажлын амжилт хүсээд 1991 оноос хойш эрүүл мэндийн салбарын шинэчлэлтийн үйл ажиллагаанд санхүүгийн болон арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллахын зэрэгцээ Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжигч, гол түншлэгч АХБ-нд талархал илэрхийллээ.
Тэрбээр АХБ-тай хамтран ажилласан 30 жилийн хугацаанд Монгол Улсад 84.9 сая ам.долларын өртөг бүхий таван зээлийн төсөл, 37 сая ам.долларын өртөг бүхий долоон удаагийн буцалтгүй тусламж, 10.65 сая ам.долларын өртөг бүхий 15 техник туслалцааны төслийг амжилттай хэрэгжүүлсний дээр нэмэлтээр 2019 онд баталсан, нийт 163 сая ам.долларын санхүүжилт бүхий “Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламжийн хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” олон шатлалт төслийг хэрэгжүүлж эхэлснийг дурдав.
Мөн 2013-2021 оны хооронд хэрэгжүүлсэн “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр төслийн хүрээнд Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, эмийн аюулгүй байдлыг улс даяар сайжруулах гэсэн гурван үндсэн зорилтыг амжилттай хэрэгжүүлснийг хэлээд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 халдварын цар тахлын хамгийн хүнд үед буюу 2020 оны тавдугаар сард 30 сая ам. долларын яаралтай тусламжийн шинэ зээлийн хэлэлцээрийг богино хугацаанд байгуулж, нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангасан нь манай улс цар тахлыг богино хугацаанд харьцангуй хохирол багатай давахад ихээхэн тус болсныг онцлон тэмдэглэв.
Ази, Номхон далайн бүсэд Ковид-19-ийн эсрэг вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх APVAX төслийн хүрээнд шинэ зээлийн хэлэлцээрийг богино хугацаанд байгуулж, уг зээлийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газрын худалдан авсан Ковид-19-ийн эсрэг хоёр төрлийн долоон серийн нийт 1,2 сая гаруй тун вакцины төлбөр тооцоог нөхөн санхүүжүүлсэн юм.
С.Чинзориг сайд эцэст нь АХБ-ны дэмжлэгээр хэрэгжсэн “Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламжийн хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” олон шатлалт төслийн хоёрдугаар үе шатны зээлийн гэрээг 2024 онд батлуулах, Улс орны хамтын ажиллагааны стратеги 2025-2028 баримт бичгийн хүрээнд эрүүл мэндийн салбарт үзүүлж байгаа зээл, тусламж, техник туслалцааны төслүүдийн хэмжээг бууруулахгүй байхад Монгол Улс дахь Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийн хувьд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн.
Одоогийн байдлаар АХБ-наас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд баригдах Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилгын гүйцэтгэгч шалгарч, гэрээний шатанд явж байгаа болон Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн зураг төслийн ажил дуусч, барилгын тендер зарлан, үнэлгээ хийгдэж байгаа мэдээллийг өгч гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болон бусад асуудлыг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Худалдан авах ажиллагааны газар хийж буй тухай мэдээлийг уулзалтын үеэр өгсөн. Мөн дөрвөн сумын ЭМТ-ийн барилга, Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон нийслэлд баригдах зургаан өрхийн ЭМТ-ийн ажлын явцын талаар мэдээлэл солилцлоо.
Түүнчлэн С.Чинзориг сайд АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчөөр томилогдон ирсэн хатагтай Шаннон Ковлинд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж буй найман сар гаруйн хугацаанд салбартаа хийж буй шинэчлэлийн ажил, дэвшүүлсэн зорилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар танилцуулж цаашид хамтарч ажиллах асуудлынхаа талаар байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд төлөвлөсөн ажлууд удаашралтай явж буйд анхаарал тавихыг хүслээ.
Шаннон Ковлин Монголд ирээд удаагүй байгаа үедээ хамтын ажиллагааны томоохон талбар эрүүл мэндийн салбарын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авсандаа сэтгэгдэл өндөр байгаагаа хэлээд сайдын онцлон захьсан асуудлууд дээр онцгой анхаарч, бүхий л талаар хамтарч ажиллах болно гэв.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.