Нийгэм
Авлигын эсрэг сургалтад 113 албан тушаалтныг хамруулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 9 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний 2023 оны эхний хагас жилийн хэрэгжилтэд үнэлгээ хийх ажлын хүрээнд Соёлын яам, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Гаалийн ерөнхий газар, Булган, Орхон, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын тайланг тус тус үнэлэв.
Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлийг багасгах, нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг тэгш шударга болгох, сайжруулах зорилгоор Гаалийн ерөнхий газар, Боловсролын зээлийн сан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хянав.
Авлигын талаар мэдээлэх 110 утсаар иргэдээс ирүүлсэн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Хотын стандарт хяналтын газар, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо зэрэг байгууллагын албан тушаалтнуудад хамаарах гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтын ажиллагааг хийв.
Авлигын эсрэг сургалтад төрийн 11 байгууллагын 113 албан тушаалтныг хамруулжээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.