Нийгэм
Нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт оруулна
Автомашингүй өдөрт зориулсан нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар мэдээлэл өглөө.
Автомашингүй өдрөөр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө /Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам/, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамуудын хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа. Иймээс тухайн чиглэлүүдэд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 42 чиглэлийн 326 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орж байна.
-Их тойруугаар явах чиглэл нь Баянбүрд, “Үндэсний шуудан”, Сансарын ШТС,
-Нарны замаар явах чиглэл нь “Жигүүр гранд”, Замын цагдаагийн газар, “Миний дэлгүүр”,
-Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэл нь Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн,
-Баруун дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэл нь МҮЭСТО, “Элба” төв, “Бөмбөгөр” худалдааны төв, Нарны титэм
-Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэл нь Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.
Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах юм. Хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар үйлчилж, 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үзүүлэх юм.
Мөн Энхтайваны өргөн чөлөө /Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам/ хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр Т:2 “5 шар-Ботаник”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн троллейбус үйлчилгээ, Ч:29Б “Зүүн дөрвөн зам- Сансар-Вокзал” гэсэн чиглэлүүд түр зогсохыг иргэдэд анхааруулж байна. Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авна.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.