Нийгэм
Монголын сэтгүүлчид Яньтай хотын хөгжилтэй танилцлаа
Монголын сэтгүүлчид БНХАУ-ын Яньтай хоттой танилцлаа. БНХАУ-ын Яньтай хот нь Шаньдүн мужийн зүүн хэсэгт далайн эрэг дагуу байрлах чөлөөт худалдааны хот юм. Одоогоор 5 дүүрэг, Долоо орчим сая хүн амтай. Одоогийн байдлаар дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутагтай худалдааны харилцаа тогтоож, дэлхийн шилдэг 500 гаруй компаниас 100 гаруй нь Яньтайд хөрөнгө оруулалт хийж, бизнесээ эхлүүлээд байна. Байгаль экологи, соёлын өвөрмөц онцлогтой хятадын хотуудын нэг ажээ.
Яньтай хот нь Далайн өргөст хэмх, сам хорхой, хярс, хясаа зэрэг далайн эрдэнэсээр баялаг бөгөөд далайн 46 ферм үйл ажиллагаагаа явуулж байна.
Яньтай хоттой танилцах Монгол сэтгүүлчдийн аялал Яньтай уулаас эхэлсэн юм. Яньтай уул нь Далайн эргийн байгалийн үзэсгэлэнт бүс бөгөөд соёлын дурсгалт газрууд, Европ, Азийг хосолсон соёл, зан заншлыг нэгтгэсэн үндэсний хамгийн том аялал жуулчлалын бүс юм. Яньтай уул нь 600 гаруй жилийн түүхтэй, тус хотын түүхийн чухал өлгий, бэлэг тэмдэг ажээ.
Сэтгүүлчдийн дараагийн зочилсон газар бол Яньтай боомт байлаа. Тус боомт нь 1861 онд нээгдсэн олон улсын худалдааны боомт.
Тухайлбал, жилд 71 мянган тонн дарс үйлдвэрлэж байна. Тус үйлдвэр бол Жанюй дарсны үйлдвэр юм. Уг үйлдвэр нь 1892 онд байгуулагдаж, 1915 онд Панамын алтан медаль хүртэж байсан бөгөөд Хятадын номер нэг дарсны брэнд юм.
Мөн Яньтай хот нь алимаараа маш алдартай бөгөөд 13 жил дараалан Хятадын жимсний салбарын номер нэг брэнд болж, Лайян лийр, Яньтай интоор, Лүнкөү вермишель, Лүхуа самрын тос, Лүнда зэрэг махан бүтээгдэхүүнээрээ алдартай ажээ.
Бидний очсон дараагийн газар бол Яньтай хотын Чаоян гудамж. Чаоян гудамж нь барууны хэв маягийн барилгууд, зуун жилийн өмнөх өнгө төрхөө хадгалж буй нь ирж жуулчдыг ихээр татаж байна.
Бидний зочилсон дараагийн цэг нь Жанюй дарсны соёлын музей. Жанюй дарсны соёлын музей нь Яньтай хотын Жыфү дүүргийн Дама замд байрладаг. Үзвэрийн олон танхим, дарсны соёлыг таниулах талбай, Дарсны том зоорь зэргээс бүрддэг.
Далайн эргээр аялж зугаалах таатай орчныг бүрдүүлсэн Яньтай хотын Гэнхай чөлөөт цаг амралтын цогцолбор. Энэхүү цогцлолбор нь аялал жуулчлал, нийтийн хоол, шинжлэх ухааныг сурталчлах, спорт, амралт, далайн орчин зэргийг бүрдүүлж өгчээ. Жилд 150 мянга гаруй жуулчин хүлээн авдаг. Хүн амьдрахад хамгийн таатай гэсэн үнэлгээ авсан Яньтай хоттой танилцах Монгол Улсын сэтгүүлчдийн аялал үргэлжилж байна.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.