Нийгэм
Эрүүгийн 6 хэрэгт нийт 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 92 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 849 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн 1 мэдэгдэл, хууль хэрэгжүүлж ажиллах 1 албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүллээ. Эрүүгийн 6 хэрэгт нийт 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын удирдах албан тушаалтан “И” нь бусдаас хахууль авсан гэх;
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хууль бусаар бараа нэвтрүүлсний хариуд гаалийн улсын ахлах байцаагч “Н” нь бусдаас хахууль авсан гэх;
- БНХАУ-ын иргэн “Ф” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, АМГТГ зэрэг байгууллагын удирдах албан тушаалтан Н, Ц, Д, Э, З, Д нарт хахууль өгсөн гэх;
- Иргэн “Д” нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн /хуучин нэршил/ удирдах албан тушаалтан “Ц”-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх;
- Сэлэнгэ аймгийн удирдах албан тушаалтан “О” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Э”, Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтан “О” нартай бүлэглэн өөрийн ойрын харилцаатай “Б”-д хууль бус давуу байдал бий болгосноос орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх;
- Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын удирдах албан тушаалтан “Ц” нь бусдаас хахууль өгөхийг шаардсан гэх;
- Нийслэлийн 84 дүгээр сургуулийн удирдах албан тушаалтан “Л” нь бусдаас хахууль авсан гэх.
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.