Нийгэм
Эрүүгийн 126 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 9 дүгээр сарын 25-наас 29-ний өдрүүдэд нийт 2703 хэрэгт хяналт тавьж, нийт 126 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 66, Өмчлөх эрхийн эсрэг 45, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Авлига, албан тушаалын 3 хэрэг байна.
Тухайлбал:
– Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ш.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, “Ж” ХХК-д давуу байдал бий болгосон гэх;
– Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.О, тус аймаг дахь Цагдаагийн газрын дарга А.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх;
– Дундговь аймагт төмрийн уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Ш” ХХК нь Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсад ашиглахыг хориглосон, хязгаарласан химийн хорт, аюултай бодисын жагсаалтад орсон 17 нэр төрлийн болон нэр хаяг тодорхойгүй химийн бодисыг хадгалсан гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.