Нийгэм
Өргөө сүлжээ кинотеатрт ногдуулсан 107.5 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Нью тур сафарис” ХХК-ийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Ингэснээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн “Нью тур сафарис” ХХК-ийн давамгай байдлаа ашиглан хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан хууль бус үйлдэлд ногдуулсан 107.5 сая төгрөгийн торгууль хүчин төгөлдөр боллоо.
“Нью тур сафарис” ХХК нь дотоодын кино нийлүүлэгч нартай байгуулсан Өргөө сүлжээ кино театрт төлбөртэйгээр кино үзвэр гаргах тухай гэрээнд бүтээл ашиглаж олсон орлогыг ялгавартай хэмжээгээр тогтоосон, тус гэрээнд заасны дагуу кино тасалбарыг төрсөн өдрийн урамшууллаар олгохдоо нийлүүлэгчдэд хуваарилсан орлогоос суутгах, гэрээний төлбөрийн тодорхой хувийг шатахууны картаар барагдуулах, нийт орлогын толорхой хувийг өөрийн зохион байгуулдаг наадмын үйл ажиллагаанд зориулан суутгаж байгаа зэрэг нь тухайн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн хувьд Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараахь ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, 7.1.3-д “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах…”, 7.1.11-д “тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих” гэж заасныг зөрчсөн гэж үзэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д зааснаар 107.528.429 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 01 дүгээр тогтоолоор “Нью тур сафарис” ХХК-ийн кино театрын зах зээлд Улаанбаатар хотын хэмжээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байдаг.
Зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн хувьд дотоодын кино нийлүүлэгч нартай хийсэн гэрээнд хамаарахгүй нөхцөл тулгасан, бусад оролцогчид ялгавартай үнэ тогтоосон зэрэг нь хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Нью тур сафарис” ХХК-ийн гомдлыг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.