Дэлхий дахинд
Памела Андерсон ОХУ-ын эрх баригчдаас тусламж хүсэв
Нэрт жүжигчин, “IFAW” Олон улсын амьтан хамгаалах сангийн зөвлөлийн гишүүн Памела Андерсон Оросын эрх баригчдаас Охотын тэнгист байдаг “халимны шорон”-д хоригдож буй халимуудыг тавьж явуулахад тусламж үзүүлэхийг хүсжээ.
Тэрбээр сангийнхаа цахим хуудаст байршуулсан захидалдаа Хятад улсад худалдан борлуулах зорилгоор алуурчин халим болон цагаан халимуудыг хорихгүй байхыг хүссэн байна.
Памела Андерсон “Алуурчин болон цагаан халимуудыг суллах тухай эцсийн шийдвэр гараагүй байгааг ойлгож буй ч тэдгээр амьтдыг тавьж явуулах үүрэг өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээн бичжээ. Мөн “Амьтдыг зэрлэг байгальд нь эргүүлэн тавих тусгай төлөвлөгөө боловсруулах зорилгоор Оросын эрх баригчид, байгаль хамгаалагчид олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллана гэж найдаж байна” хэмээн тэмдэглэсэн байна.
Тэрбээр Оросын эрх баригчдад “халимны шорон”-д хоригдож буй амьтдын төлөө санаа зовж байгаагаа мэдэгджээ. Памело Анперсон ОХУ-ыг зэрлэг амьтдыг тавьж явуулах ажилд манлайлж, дэлхийд нөлөөлнө гэж үзэж буй аж.
Охотын тэнгист өнгөрсөн онд нийт 12 алуурчин халим, 90 цагаан халимыг худалдан борлуулах зорилгоор барьжээ. Амьтан хамгаалагчид “Амьтдыг Приморийн хязгаарт хорих нь аюултай” гэж удаа дараа мэдэгдэж, улмаар тус газрыг “халимны шорон” гэж нэрлэсэн байна.
Жүжигчин Памела Андерсон өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд амьтдыг хамгаалах асуудлаар хандаж байсан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээлснээр, Владимир Путин тэдгээр амьтдыг хамгаалах ажилд биечлэн оролцохоо мэдэгджээ.