Бусад
Өнөөдөр дэлхийн түүхэнд: Хоёрдугаар сарын 26

Хоёрдугаар сарын 26-нд нэгэн сонирхолтой баярын өдөр тохиодог гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Өнөөдөр “Яарахгүй өдөр” гэсэн баяр олон улсын статустай болжээ. Ийм баяртай байх санааг италичууд сэдсэн бөгөөд сэтгэлийн хөөрөлтэй итали түмэн анх 2007 онд энэ өдрийг тэмдэглэжээ. Баярын гол зорилго нь амьдралын агшин бүрээс яаралгүй таашаал авах явдал гэнэ.
Италичууд амьдралаа илүү тав тухтай болгохоор яарахаас татгалзах 14 номнол гаргажээ. Тэнд жишээлбэл өглөө хэдэн минутаар эрт босч өглөөний хоолоо тааламжтай идэх, замын түгжрэлд уурлаж уцаарлахгүй, жолооч нартай ярих эсвэл хөгжим сонсох, оройд ганцаараа бясалгал үйлдэх зэргийн зааварууд бий.
Яарвал даарна: Сонирхолтой баримтууд
-Энэ өдөр Ром хотноо “Удаан марафонтай”. Жуулчдаас эхлээд хэн ч оролцож болно. 300 метрийн зайг 87 минутаас илүү хугацаанд тасралтгүй хөдөлгөөнтэй байж туулсан нь ялдаг.
-Миланд яаруу хүмүүст бэлгэдлийн чанартай торгууль бичиж гардуулдаг.
-Амьтад дундаас хамгийн удаан нь болох эмгэн хумс цагийн 3,5 метрын хурдтай.
-Хоёрдугаар байранд нь залхуу бич орно. Мөчрөөс мөчир дамжин буухдаа бич хөдөлгөөн хийлгүйгээр унаж чаддаг. Гэхдээ харин усанд цагийн 4км-ын хурд харуулж чадна.
-Хуурай газрын аварга яст мэлхийнүүд хэмжээнээсээ хамааран цагт 900 метрийн хурдтай хөдөлдөг.
-Гренландын туйлын аварга загас хүйтэн усанд амьдардаг тул маш удаан хөдөлгөөнтэй.
Өдрийн түүх
747 он – Эпокын Птоломейн эрин үе эхэлжээ.
1616 он – Алдарт одон оронч Галилео Галилейн дэлхий нарыг тойрдог тухай үзлийг олон нийтэд заахыг Ромын католик сүмээс хориглов.
1878 он-Францын гүн ухаантан ба хэл судлаач Эмиль Литтре “микроб” гэсэн үгийг бодож олсон нь 1878 оны энэ өдөр явуулсан захидалд нь бичигдэн үлджээ. Францын эрдэмтэн Шарль Седийо түүнээс микро организмуудад таарах нэр бодож өгөхийг гуйсны хариуд уг нэршил үүссэн гэдэг.
1815 он- Наполеон Бонапарт Элба арлаас оргожээ.Өөрийн талынхныхаа тусламжтайгаар тэр жижиг отрядын хамт Газар дундын тэнгисийн арлаас оргон Парист буцан ирээд засгийн эрхийг дахин авлаа.Гэхдээ алдарт “100 хоногийн” засаг барилтын дараа Ватерлоогийн дэргэдэх тулалдаанд бүрэн ялагдсан Бонапартыг Атлантын далайн өмнөд хэсэг дэх Хувилгаан Еленагийн аралд дахин цөлөв.
1876 он- Япон-Солонгосын хооронд байгуулсан гэрээний дагуу япончууд тус улсад тусгай эрх дархтай болсон бөгөөд гурван боомт нээж, худалдааг хянахаар санаархаж эхлэв.
1909 он- Лондон хотын “Пелас” ордонд дэлхийн хамгийн анхны бүрэн хэмжээний өнгөт кино үзэгчдийн хүртээл болжээ.
1914 он- Алдарт “Титаник” хөлгийн өмнө бүтээгдсэн том хэмжээний усан онгоц болох “Британник” хөлөг үйлдвэрээс гарчээ.
1935 он- Адольф Гитлер Версалийн гэрээнээс ухарч, аугаа үндэстнийг байгуулна гэдгээ зарлан тунхаглажээ.
1936 он- Японы армийн залуу офицерууд хуйвалдажтөрийн эргэлт хийхээр завдав.
1971 он- НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга У Тан “Эх дэлхийн өдөр”-ийг НҮБ-ийн гишүүн орон бүрт тэмдэглэж байх шийдвэр гаргав.
1980 он- Египет болон Израиль улс дипломат харилцаа тогтоов.
1993 он– “Аль-Каида” бүлгийн террористууд Дэлхийн худалдааны төвийн “Хойд Цамхаг”-ын гараашид тавьсан машинд бөмбөг дэлбэрч зургаан хүн амиа алдан, 1000 гаруй хүн шархдав.
1995 он- Их Британийн нутаг дэвсгэрт 1762 оноос хойш үйл ажиллагаа явуулсан “Барингс” хөрөнгө оруулалтын банк санхүүгийн алдаатай бодлогын улмаас дампуурлаа зарлав.
2001 он- “Талибан” хөдөлгөөнийг үндэслэгч мулла Мохаммад Омарын зарлигаар Афганистаны бүх нутаг дахь исламын шүтээнд нийцэхгүй гэсэн баримал хөшөөг устгах үүрэг өглөө. “Соёлын өвийг устгахаа зогсоохыг шаардсан” ЮНЕСКО-гийн шаардлагыг тэрээр “Улс орны дотоод хэрэгт оролцлоо.Баримал хөшөө дурсгал нь бидний итгэл үнэмшил биш зөвхөн Афганистаны түүхийн нэг хэсэг учраас бид зөвхөн чулууг нурааж байна” гэжээ.
Гуравдугаар сарын эхээр, талибууд тэсрэх бодис, их буу, пуужин, танкийн тусламжтайгаар Кабулаас 230 км-ын зайтай Бамиан муж дахь Буддагийн асар том хоёр баримлыг устгажээ. Тэдний нэг нь 53 метрын өндөртэй(Америкийн Эрх чөлөөний хөшөөнөөс 7 метраар илүү), 1500 жилийн өмнө хадан хананд сийлсэн байв. Нөгөө нь 38 метрийн өндөртэй ч насаар 300 жилийн илүүтэй байжээ.
2008 он- Хойд Солонгосын нийслэл хотод Нью-Йоркийн филармони тоглолт хийсэн нь тус улсын түүхэнд анхны тохиолдол болжээ.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.