Нийгэм
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 22 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулсантай холбогдуулан орон сууцжуулах ТЭЗҮ боловсруулах, Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг даалгасан. Энэ дагуу худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Богдхан уулын аманд байгаа үл хөдлөх хөрөнгийг бүртгэх ажлын бэлтгэлийг сайтар хангах үүрэг өгсөн. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу 4215 га талбайд 2420 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттайгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар олгосон байна.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд хийсэн болон хийхээр төлөвлөсөн автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн өмчид бүртгэж, аж ахуйн нэгж, компаниудаас автобусны эргэн төлөлт, ашиглалтыг тооцон авч, санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулагдаж, бэлтгэл ажлыг хангаж байна. Нарантуулын нүхэн гарцны нөлөөлөлд өртсөн цэвэр, бохир усны шугам сүлжээний асуудлыг судалж, шийдэл гаргах үүрэг өгсний дагуу гурван хувилбарыг гаргажээ. Газрыг доройтолд оруулсан, зориулалт бусаар ашигласан тохиолдолд хариуцлага тооцох аян зохион байгуулах үүрэг өгсний дагуу Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Яармаг дахь Хангарди ордны Б блокийн ажил 89 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй “Зорчигч тээвэр гурав” баазын барилгын угсралт, Яармаг дахь шинэ “Хангарди” ордны барилгын Б блокийн ажлын явцын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Зорчигч тээвэр гурав” баазын ажилд 11 компани оролцож байгаа бөгөөд 2019 оноос хойш үргэлжилж буй. Тухайлбал, уурын зуухын барилгын ажил болон шатахуун түгээгүүрийн барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн 55 автобусны багтаамжтай хоёр гарааш бий. Энэ онд багтаан 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа эхний гараашийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нөгөө гарааш нь 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Баазын хашаа, дэд бүтцийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй, дуусаж байна. Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Морингийн даваанд 110 автобус орох боломжтой шинэ автобус паркийг улсын төсвийн хөрөнгөөр байгуулж байгаа. Автобусны хоёр паркийн ажлыг энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байна” гэв.
Мөн Яармаг дахь шинэ “Хангарди” ордны барилгын Б блокийн ажлын явц 89 хувийн гүйцэтгэлтэй байгааг хэллээ.
Нарны хорооллыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн байгууламж байгуулах бэлтгэл ажлыг хангана
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан барилга байгууламжуудыг Улсын комисс хүлээн авах ажлыг эрчимжүүлэх,
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг очиж авч чадахгүй байгаа, алслагдсан гэр хороололд амьдарч буй иргэдэд үйлчлэх хүүхдийн явуулын үзлэгийг ажиллуулах ажлыг судалж, танилцуулах,
- Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхонд байгуулах сургуулийн газар чөлөөлөлт, хотхоны орц, гарцыг нэмэх асуудлыг шийдвэрлэх,
- Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны хорооллыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн байгууламжийг байгуулах бэлтгэл ажлыг хангах,
- Хот, нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжүүлэх, хуваарилах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах,
- Томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар болон дайчлан ажиллах резидент эмч нарт цалин урамшуулал олгох ажлыг судалж, танилцуулах
- “Тээвэр логистикийн оновчтой шийдэл” зөвлөлдөх уулзалтын тэмдэглэлийн дагуу цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангуулан, биелэлтийг нэгтгэж, ажиллах зэрэг үүрэг даалгавар өгөв.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр5 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр5 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр5 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр3 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө