Дэлхий дахинд
Д.Трамп ажилтнаа зөвшөөрөлгүй үнсжээ
Альва Жонсон гэдэг 43 настай эмэгтэй АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг бэлгийн дарамт үзүүлсэн хэргээ шүүхэд өгчээ. Тэрээр 2016 онд Д.Трампын сонгуулийн штабт ажиллаж байсан гэнэ. Тэр үед Д.Трамп түүнийг зөвшөөрөл авалгүйгээр үнсжээ.
Түүний хэлснээр, тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч байсан Д.Трамп түүнийг гараас нь татаж өөр рүүгээ татаад уруул дээр нь үнсэхийг оролдсон аж. Харин Альва Жонсон хажуу тийш бултсанаар үнсэлт амны хажуу талд таарсан гэнэ. Энэ явдлаас болж түүний сэтгэл хүчтэй цочрон давчидсан бөгөөд одоо болтол сэтгэлийг нь шаналгаж байгаа юм байна. Хэрэг 2016 оны зургадугаар сарын 24-нд Флорида мужийн Тампа хотод болсон гэж А.Жонсон мэдүүлсэн байна. Тэрээр үүнээс болж сэтгэл зүйчийн тусламж авахад хүрсэн гэдгээ хуулийн байгууллагад гаргасан өргөдөлдөө тодорхой бичсэн байна. Үнсэх оролдлого гарснаас хойш тэрээр Д.Трампын штабт сар гаран ажиллаад л ажлаасаа гарсан аж.
А.Жонсон шүүхэд өргөдөл өгсөн нь тодорхой болсны дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгдэл хийж, “Тийм явдал огт болоогүй, сонгуулийн кампанит ажлын үеэр ерөнхийлөгч хэн нэг ажилтантай хоёулхнаа үлдэх боломж огт байгаагүй” хэмээн Д.Трампын албан ёсны байр суурийг илэрхийлжээ. Тухайн үед хамт ажиллаж байсан ажилтнуудаас ч ийм зүйл огт болж байгаагүй гэж батлах хүмүүс гарч иржээ. Энэ хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна.
2016 онд бараг нэгэн зэрэг шахуу 11 эмэгтэй “Бэлгийн дарамт үзүүлсэн” хэмээн Д.Трампын эсрэг гомдол гаргаж байв.