Нийгэм
Батлан хамгаалахын сайд Ховд аймагт ажиллалаа
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд Ховд аймагт ажиллалаа.
Батлан хамгаалахын сайдыг тус аймагт хүрэлцэн ирэхэд Ховд Цэргийн хүрээний хүндэт харуул угтан авсны дараа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн штабын байр, алдрын танхим, цэргийн гал тогоо, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчдын алба хааж буй орчин нөхцөлтэй танилцаж, санал сэтгэгдлийг нь сонсов. Үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тусгай салбарт ажиллаж тодорхой асуудлуудыг шийдлээ.
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хувьд Хатанбаатар С.Магсаржавын хөшөөт цогцолборыг барьж байгуулсны зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 10,000 мод тарих төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус анги салбарын бие бүрэлдэхүүнтэй уулзаж Засгийн газрын үйл ажиллагаа, салбарын эрх зүйн шинэчлэл, бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, алба хаагчдын харилцаа хандлага, ёс зүйн төлөвшил, манлайлал, нийгмийн хамгааллын талаар мэдээлэл өгч, албандаа итгэл үнэмшил дүүрэн, хичээл зүтгэл өндөр байхыг онцлон дурдсан юм. Түүнчлэн хөдөлмөр, зүтгэл, албандаа хандах хандлагаараа бусдадаа үлгэр жишээч зарим алба хаагчдыг салбарын шагналаар шагнаж, нутгийн удирдлагуудад Чингис хааны эш хөрөг, дурсгалын зүйлийг гардууллаа. Мөн тэдгээр анги, салбарын сургалт бэлтгэл, соёл хүмүүжлийн ажил, үйл ажиллагаанд зориулан 64 үйлдэлтэй ухаалаг дэлгэц, албан хэрэгцээнд ашиглагдах ачааны автомашиныг гардуулан өглөө.
Батлан хамгаалахын сайд үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ховд аймгийн Булган суманд зохион байгуулагдаж буй Баруун хил дээр зэвсэгт тулгаралт дууссаны түүхт 75 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ховд аймгийн ИТХ-ийн дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч бригадын генерал Х.Лхагвасүрэн болон бусад албаныхан оролцлоо.
Энэхүү ёслолын үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт ард иргэд ээ. Эх орныхоо дархан хилийг хамгаалах үйл хэрэгт өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн азай буурал ахмадууд аа. Та бүхэнд энэ түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. 1921 оны Ардын хувьсгалаас хойш манай орны үндэсний аюулгүй байдалд учирсан гаднын томоохон аюул, заналхийллийн нэг бол баруун хязгаарт болсон зэвсэгт дээрэм, газар нутгийг таслан авах гэсэн санаархал байсан юм. Үүний эсрэг манай цэрэг, дайчид, ард иргэдтэйгээ хамтран тууштай тэмцэл хийж ялалт байгуулсан гайхамшигт түүхтэй билээ. Баруун хилийн зэвсэгт тулгаралтад гарамгай гавьяа байгуулсан олон зуун эх орончдынхоо гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсаж, тэдний гавьяа зүтгэлийг алдаршуулахаар энэхүү түүхэн үйл явдлын 75 жилийн ойг бид ёслол төгөлдөр тэмдэглэж байна” хэмээгээд ахмад дайчид, тэдний гэр бүл, Булган сумын иргэдэд аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Мөн энэ өдөр Баруун хилийн зэвсэгт тулгаралтад амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулан босгосон гэрэлт хөшөөг нээв. Ховд аймгийн Булган сумын Увш хааны талбайд босгосон 12.7 метр өндөр гэрэлт хөшөөг цагаан гантигаар бүтээж, оройд нь Төрийн соёмбыг дүрсэлж, өмнө нь мөнхийн галыг бадраажээ.
Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан Ховд аймгийн Булган, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Баян-Өлгий аймгийн Алтай, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумыг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа.
Ташрамд дурдахад, Баруун хилийн зэвсэгт тулгаралт нь 1940-1948 оны хооронд одоогийн Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн газар нутаг, хилийн 1250 орчим км өргөн нутаг дэвсгэрийг хамарч олон жил үргэлжилсэн байдаг. Энэхүү зэвсэгт тулгаралтын ач холбогдол нь Монголын Ардын Арми бие даан тулаанд оролцож, түүхэн ялалт байгуулсан явдал юм. Тэдгээр он жилүүдэд олон тооны дээрэмчин, гоминданы цэргүүдтэй Монголын хилчин дайчид, иргэд хамтран тулалдсан гэдгээрээ түүхэнд үлджээ. Улмаар 1948 онд болсон Бүдүүн харгайтын тулаанд байгуулсан ялалт энэхүү зэвсэгт тулгаралтыг эцэслэсэн түүхтэй. Мөн дээрх зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчдаас өдгөө 15 нь амьд сэрүүн, энх тунх амьдарч байна.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм14 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр15 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр15 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа