Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Т.Сүхбаатар: Баруун хилийн тулгаралтад 18-19 настай хүүхдүүд эх орныхоо төлөө амь насаа зориулж, бидэнд өнөөдрийг үлдээсэн юм шүү

Нийтэлсэн

-

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх, сургамж судлалын төвийн дарга, доктор (Ph.D), дэд профессор, хошууч Т.Сүхбаатартай ярилцлаа.

-Баруун хилийн тулгаралтын 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Та цэргийн түүх судлаач хүний хувьд тухайн үед юу болж байсан талаар ярилцлагаа эхлэх үү?
-Энэ өдрүүдэд Баруун хилийн тулгаралтын 75 жилийн ой тохиож байна. Энэ нь Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх түүхэн үйл явдал юм. 1930-аад оны үеэс эхэлсэн тус мөргөлдөөн нь 1952 онд хамгийн сүүлчийн буун дуу гарснаар дуусч, 20 гаруй жил үргэлжилсэн байдаг. Энэ мөргөлдөөн маш олон хүчин зүйлээс шалтгаалан бий болсон. Хамгийн ойрын жишээ нь, тухайн үеийн Шинжаан Уйгарт амьдарч байсан казак үндэстний төлөөллийг Хятадын Засгийн газраас шахаж дарамт учруулсан. Тэр үед Хятад улс нь дотооддоо иргэний дайн болоод, Японы дайнтай тулж байсан үе юм. Энэ үед л үндэсний цөөнх болсон казак иргэдийг айлган сүрдүүлэх дээрэмдэх мөн өөрийн талд хүчээр татах зэрэг маш олон арга хэмжээг авсан. Үүнээс үүдэн Монгол Улсын баруун хязгаар хэсгээр маш олон хүмүүс дүрвэж орж ирэх болсон. Дүрвэгсдийг дагаад маш олон асуудлууд гарч, эмх замбараагүй байдал үүссэн. Тухайн үеийн баруун хязгаар болох Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь зэрэг аймгуудад гэмгүй иргэдийн хажуугаар зэвсэгт дээрэмчид ихээр орж ирэх болсон. Тэдгээр хүмүүс дээрэм тонуул ихээр хийж, нутгийн ард иргэдийг олзлох, хүүхэд эмэгтэйчүүдийг хулгайлах, хоол хүнс олох зорилгоор агт морьдыг дээрэмдэх зэрэг асуудлууд их гарсан. Нөгөө талаар, Монголд 1930-аад оны эхээр болсон Зүүнтэн, Баруунтны алдаатай бодлогын улмаас казак, торгууд гэх мэт маш олон айл өрх урагшаа хил давж нүүсэн. Үүнээс болж мөн л зөрчил үүсч байгаа юм. Үүнийг бас их гүрнүүдийн бодлого үйл ажиллагаатай холбож авч үздэг. Учир нь тухайн үед Шинжаан Уйгарт ураны маш том орд илэрсэн байдаг. Уурхай үйл ажиллагаагаа явуулж байсанд тухайн үеийн ЗХУ, АНУ зэрэг нь анхаарлаа хандуулж нутгийн иргэдийг ашиглаж уурхайд хяналтаа тогтоох бодлого явуулсан. Энэ нь сүүлдээ эрчимжиж, 1940-өөд оны үед АНУ цөмийн бөмбөгийг 1945 оны наймдугаар сард Японд тавьсны дараагаар тус үйл ажиллагаа нь улам идэвхжсэн. Баруун хилийн 20 жилийн тулгаралтыг хоёр хувааж үзэж байгаа. 1930-1940 онд байдал нилээд хурцадсан. Тухайн үед хилийн цэрэг байгуулагдаагүй байсан учраас Монгол Улсын хил хязгаарыг Монгол ардын хувьсгалт цэрэг буюу одоогоор зэвсэгт хүчин хариуцаж хамгаалдаг байв. Энэхүү нөхцөл байдал хүндэрсэн. Хязгаарын цэрэг 1933 онд байгуулагдаж цөөн тооны хилийн цэргийн хүчээр хилийг хамгаалахад хүндрэлтэй болж ирсэн. (Энэ жил Хилийн цэргийн 90 жилийн ой нь тохиож буй) Тийм учраас 1934 онд Цэргийн явдлын яамны сайд буюу Бүх цэргийн жанжин Монгол Улсын Маршал Г.Дэмидээр удирдуулсан Монгол ардын хувьсгалт цэргийн томоохон цэргийн хүчин ирж, тусгай ажиллагаа явуулсан.
Энэхүү үйл ажиллагаанд маш олон цэрэг, мөн Монголын хамгийн шилдэг нисгэгч нар оролцсон томоохон байлдааны ажиллагаа болсон юм. Тухайн үед хил давж орсон дээрэмчдийг үндсээр нь бут цохиж, хил хязгаар тайван болж хязгаарын цэрэгт хүлээлгэж өгсөн байгаа юм.

-Тухайн үед хил хэсэг тайван байсан байх аа. Яагаад дахин хилийн асуудал хөндөгдөх болсон юм бол?
-1934 онд дээрэмчдийг бут цохисны дараа хил хязгаар хэсэгтээ үндсэндээ 1937 он хүртэл тайван байв. Яагаад гэвэл Монгол ардын хувьсгалт цэрэг нь эсрэг талдаа том цохилт өгч дарсан. Гэвч 1937 онд улс төрийн хэлмэгдүүлэлт явагдсан. Үүнд Монгол ардын хувьсгалт цэргийн 2000 гаруй цэрэг хэлмэгдэж, цаазлуулсан. Мөн тус байлдааныг удирдаж байсан Г.Дэмид маршал 1937 онд нас барсан юм. Маршал Г.Дэмид нас барснаар Монгол ардын хувьсгалт цэргийн байлдах чадвар суларч доройтсон байдаг. Тийм ч учраас хил хязгаарт анхаарал хандуулах ажиллагаа тухайн үед суларсан. Ер нь 1930-аад оны эхээс Монгол орны баруун, зүүн хязгаарт маш түгшүүртэй байдал бий болоод байсан. Зүүн хэсэгт Манж Го улстай, баруун хэсэгтээ зэвсэгт дээрэмчидтэй мөргөлдөөнтэй байсан. Тиймээс хүн хүч нэлээд тарамдуу болсон.

-Хүн хүч дутуу байсан гэлээ. Тухайн үед яг хичнээн цэрэг хоёр талд байсан юм бол. Тухайн мөргөлдөөний тоо баримт судалгаа байдаг юм болов уу?
-Тухайн үед Халх голын дайны үед 1939 онд Монгол ардын хувьсгалт цэрэг нийт 18 мянга орчим хүнтэй байсан. Түүнээс 8700 орчим нь Халх голын дайнд оролцсон. Гэтэл 1930-аад оны үед 12000 орчим цэрэгтэй байсан. Зүүн хязгаарын хэсгээр ихээхэн цэрэг байршуулж, гол анхаарлаа тэнд төвлөрүүлсэн. Учир нь Манж Го улстай хилийн мөргөлдөөн нэгэнт эхлээд байсан. Баруун хязгаарын нөхцөл байдлыг хэсэг бүлэг дээрэмчид гэдэг үүднээс эхнээсээ анхаарал бага хандуулсан. Гэвч эсрэгээрээ тэнд тухайн үеийн хязгаарын цэргээс илүү тооны дээрэмчид халдлага хийх болсон. 1937 онд улс төрийн хэлмэгдүүлэлт болсны дараа Монгол ардын хувьсгалт цэргийн хүч суларч дарга, цэргүүд хэлмэгдүүлэлтэд өртөх болсноор хилийн зөрчил сэргэж эхэлсэн. Үүнээс үүдэн Засгийн газрын зүгээс ахин яаралтай арга хэмжээ авахаар болсон. Яг энэ үед үндсэндээ Зөвлөлтийн талаас ч тэр, монголын талаас ч тэр, дээрэмчдийг хэлэлцээ хийж өөрийн талд татах ажлыг явуулсан. Тухайн үеийн дээрэмчдийн гол толгойлогч гэж тодорхойлогдсон Оспантай хэлэлцээр хийсэн. Оспан бол Зөвлөлтөөс эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж буй ард түмний төлөөлөл учраас Монголын Засгийн газар дэмжих ёстой, Оспаны хүчийг ашиглаж тухайн үеийн Хятадын эсрэг хүчийг нь сулруулах нөлөөг нь бууруулахад ашиглаж болох юм гэсэн дүгнэлтийг хийсэн. Улмаар маршал Х.Чойбалсанд дэмжлэг үзүүлэн, Зөвлөлтийн талаас маш их хэмжээний буу, зэр зэвсэг зэргийг Оспанд олгосон. Үндсэндээ Монголын хилийн асуудал Оспанийг өөрийн талд татсан 1944-1946 оны хооронд намжиж эхэлсэн.

-Оспаны арми нь хичнээн хүнтэй байсан бэ?
-Судлаачид маш олон тоо хэлдэг. Хамгийн оргил үедээ 8-9 мянга орчим хүрч байсан гэж үздэг. Энэ нь дотроо бас хэд хэдэн хэсэгт хуваагдчихсан байгаа. Оспанаар толгойлуулдаг хүмүүс болон түүнд захирагддаггүй хэсэг бүлэг хүмүүс гэх мэт. Нийт массаар нь авбал энэ нь 10-20 мянга орчим тооны иргэд байсан. 1946 оноос Оспаны байр суурь өөрчлөгдөж манай эсрэг өөрсдөө өдөөн хатгалга хийж эхэлсэн байдаг. Яагаад гэвэл Оспаныг Хятадын тал Дорнод Туркестаны бүгд найрамдах улс байгуулан, өөрийг нь удирдлагаар нь томилон, улс байгуулж өгье гэж амласан. Тэрнээс үүдэн манай улсын хилийг зөрчиж, үүнээс Оспантай харилцах харилцаа тасарсан байдаг. Энэ үүднээс Баруун хязгаарын нөхцөл байдал хүндэрсэн. Ялангуяа дан ганц хязгаарын цэргийн хүчээр тогтоон барихад хүндрэлтэй юм байна гэж дүгнэлт хийгээд, Хэнтийд байсан МАХЦ-ийн 6 болон Улаанбаатарт байгуулсан 25 дугаар морьт бригадыг 1300 орчим км газар марш үйлдэж, баруун хязгаарт аваачсан.

-Тэр нь хичнээн хүнтэй дивиз байсан юм бэ?
-Хэнтийгээс зургадугаар морин бригад гарч, Улаанбаатарт ирээд 25 дугаар морин бригадтай нийлж, Ховд руу явсан. Нийтдээ энэ хоёр бригадаас гадна Монгол ардын хувьсгалт цэргийн ес болон 12, 31 дүгээр морьт хороо гэх мэт замдаа таарсан морьт хороодыг нэгтгээд аваад явсан. Нийт Монгол ардын хувьсгалт цэргээс 4500 орчим цэрэг Баруун хязгаарт очсон. Мөн дээр нь тэнд байгаа МАХЦ-ийн 4-р морьт хороо, хязгаарын цэргээр хүч нэмэгдүүлсэн. Үүн дээр ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд болон дотоодыг хамгаалах буюу тагнуулын байгууллагаас бэлтгэсэн тусгай ажиллагааны хүчин нэмэгдсэн.

-Тусгай ажиллагаа нь ямар ажиллагаа явуулсан юм бэ?
-Хэд хэдэн ажиллагаа явуулсан. Ховог сайр, Каваа Буурчины ажиллагаа, Мулейхэ хошууны ажиллагаа, Цонж хотын ажиллагаа, Хөх тохойн чиглэлийн ажиллагаа, Шар тохойн, Замбэлэхийн ажиллагаа гэх мэт. Тагнуулын байгууллагаас орон нутгийн иргэдийг татан оруулахдаа тэдгээрийн зан заншил хэл яриа угсаатны онцлогийг нь бас харгалзан үзсэн байдаг. Гол зорилго нь Оспаны дээрэмчдийн бааз суурь тэдгээрийн холбоотон гоминданы цэргийг устгах, дотоодод нь хагарал гаргах, Оспаныг өөрийг нь устгах ажиллагаа явуулсан. Үүнд Халх голын байлдаанд оролцсон Дандар баатрыг дуудаж авчран хэд хэдэн ажиллагаанд оролцуулсан.

-Тэр үед Дандар баатар шоронд хоригдож байсан гэдэг нь үнэн үү?
-Тийм. Яахав шийтгүүлээд шоронд орчихсон байсан. Жаахан хэлмэгдүүлсэн юм билээ. Тэгээд хамгийн туршлагатай хүн гэдгээр нь Оспаныг устгуулахаар явуулж байсан.

-Тусгай ажиллагааны хүрээнд улсын хил давсан уу?
-Тусгай ажиллагаанууд ихэнхдээ хилийн цаана болж байсан. Ажиллагааны зорилго нь улсын хилийн цаана буй дээрэмчдийн хүчийг задлах, тэдгээрийн бааз, нөөцийг устгах, ард иргэдийн санаа бодлыг өөрчлөх, дотоод зөрчлийг нь ашиглах зэрэг байсан. Энэ нь сүүлд Монгол Улс НҮБ-д элсэхэд Монгол Улс Хятадын хилийг давж нутаг дэвсгэрт нь халдсан гэх яриаг гаргасан. НҮБ-д гишүүнээр элсэхэд ч түрэмгийлэгч улс гэх зэргээр саад болсон юм. Бид яалт ч үгүй Монгол Улсын хилийг давж орж ирсэн дээрэмчдийг ичээнд нь, үүрэнд нь устгахын тулд зайлшгүй улсын хил давахаас өөр аргагүй байсан. Нөгөө талаас авч үзэхэд улсын хил тодорхой биш. Албан ёсоор баталгаажсан хил байхгүй. Тиймээс тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарсан ажиллагаа юм.

-Тусгай ажиллагаанууд хэр амжилттай болсон бэ?
-Оспаныг устгахад маш хэцүү, хамгаалалт өндөртэй байсан. Байрлалаа байнга солино. Газар орноо сайн мэддэг учраас уул хадаар нуугдчихдаг. Гэтэл Монголын цэргүүд Хэнтий, Улаанбаатараас очсон. Газар орноо сайн мэдэхгүй учраас маш хүндрэлтэй байсан. Дээрээс нь уулархаг бүст байлдахад туршлага дутсан. Өмнө нь Зүүн хязгаарт Халх голд тал газарт байлдаж байсан. Гэтэл бид уулархаг газар анх удаа байлдаж үзсэн. Монгол ардын хувьсгалт цэрэг ч тэр, дотоодыг хамгаалах цэрэг ч тэр, хязгаарын цэрэг ч тэр байлдааны ажиллагаанд оролцоход хүндрэлтэй байсан. Эсрэг тал нь харин илүү зэвсэгтэй. Газар орны мэдлэгтэй, туршлага арвин. Хэдийгээр олон нисэх онгоцтой байлдааны ажиллагаанд оролцсон боловч зориулалтын нисэх зурвасгүй. Уулархаг бүсийн районд нөгөө онгоцнуудых нь техникийн хүчин чадал хоцрогдож, маневр хийхдээ маш муу. Яагаад гэвэл байлдааны ажиллагаа уулын хавцалд, Алтайн өндөр уулсын дунд болсон. Тэнд онгоц нисэхэд хүндрэлтэй. Мөн дээрээс нь шатах тослох материал, хоол хүнс, сум хэрэгсэл зөөхөд хүндрэлтэй. Үндсэндээ манай цэргийн хамгийн хүчтэй зэвсэг гэвэл пулемёт л байсан. Винтов, пулемёт, морьтой. Тэнд ямар ч хүнд техник оролцоогүй. Нисэх онгоц л дэмжлэг үзүүлсэн. Гэтэл эсрэг тал нь хүнд зэвсэгтэй байсан. Миномёт түгээмэл ашигласан. Энэ бол маш хүчтэй зэвсэг. Гэтэл Байтаг Богдын тулаанд 1948 онд манай арван баатар Тэгшээ, Гиваан, Даваадорж нартай байлдаж байхад тэдэн рүү Миномётоор галлаад дайрч байсан. Манайд пулемётоос өөр зэвсэг байгаагүй. Энэ нь манайханд маш том алдаа, сургамж болсон. Мөн дээрээс нь удирдлага хоорондын маш том зөрчил гарч байв. Тухайлбал, Дотоодыг хамгаалах газраас томилогдож ирсэн Б.Шагдаржав генерал болон нисэх хүчний М.Зайсанов генерал хоорондоо хувийн зөрчилтэй байсан. Энэхүү хувийн зөрчилтэй хүмүүс цэргийн ажиллагаа удирдахад хүндрэлтэй болсон. Нэг нэгэндээ галын дэмжлэг үзүүлдэггүй, агаараас дэмжлэг үзүүлэхгүй. Эсвэл газраар дэмжлэг үзүүлэх байдал байхгүй. Ийм нөхцөл байдлаас үүдэж байлдаан амжилтгүй болох тохиолдлууд гарсан. Энэ бол яах аргагүй том сургамж болсон. Дээрээс нь уулархаг бүсийн районд хил хамгаалах, байлдаанд явуулах туршлага маш дутагдсан. Энэ нь маш тод илэрсэн. Тэнд зохицсон зэвсэг техник, байлдааны төлөвлөгөө, тактик ерөөсөө байгаагүй гэдэг нь харагдсан. Тийм учраас байлдааны ажиллагаанд алдаа дутагдал маш их гарсан.

-Цэргүүдэд энэ байдал хэрхэн нөлөөлөв?
-Хоол хүнсний дутагдал маш их гарсан. Ялангуяа цэргүүдийн дунд халдварт өвчин гарах, хоол хүнсний хомсдолд орох, цас их орсны улмаас даваа хаагдах асуудал үүссэн. Тэр байтугай ахмад дайчдын дурдатгалд тэмээний хорголд хүртэл тээгэлдэж унадаг, үхсэн малын махыг идэх тохиолдол ч олон гарсан гэдэг. Гэхдээ ийм хүнд хэцүү байлдааны ажиллагаа явуулж байхад нэг ч цэрэг эх орноосоо урваагүй. Нэг ч цэрэг шантраагүй, бүгд эх орноо хамгаалъя гэсэн зорилготой байсан. Тэгшээ, Гиваан, Даваадорж гээд Байтаг Богдод байлдаж байсан маш олон хүн амь үрэгдсэн. Энэ дайчдын ихэнх нь 18-19 настай хүүхдүүд. Тэдэнд хүүхэд хэрнээ тусгаар тогтнол, эх оронч үзэл аль хэдийнэ суучихсан. Үхэхдээ хүртэл эх орныхоо төлөө цээжин дээрээ гранат дэлбэлээд, алхам ч газар ухраагүй.

-Баруун хязгаарын тулаанд хичнээн цэрэг амь үрэгдсэн бэ?
-1934-1951 оны хооронд нийт 170 гаруй цэрэг амь үрэгдэж, 60 гаруй цэрэг шархдаж, маш олон цэрэг сураггүй болсон. Зөвхөн 1947-1948 оны хооронд гэхэд л 50 гаруй цэргийн албан хаагч амь үрэгдсэн. Гэтэл энгийн оршин суугч маш олон хүн хохирсон. Мөн эсрэг талаас маш олон хүн амь үрэгдсэн. Эсрэг тал нь байлдааны явцад амь үрэгдсэн хүмүүсийнхээ шарилыг бүгдийг нь аваад явчихдаг. 20 гаруй жил үргэлжилсэн энэ мөргөлдөөн бидэнд, хил хамгаалалтад ч их туршлага, сургамж болсон.

-Түүхэн эдгээр үйл явдлыг олон талаас л хүмүүс өгүүлдэг. Та олон жил цэргийн түүх судалсны хувьд яаж хардаг вэ?
-Энэ мөргөлдөөнд шүүмжлэлтэй хэд хэдэн асуудал байгаа. Нэгдүгээрт, Баруун хязгаарын байлдааны ажиллагаанд анхнаасаа Монгол ардын хувьсгалт цэргийг маш цөөн тоогоор оролцуулсан. Үндсэндээ хилийн жижиг зөрчил гэж ойлгоод хамаг анхаарал зүүн тийш хандчихсан. Энэ нь нөхцөл байдлыг тухай бүрд нь тас цохих боломж олдоогүй. Мөн хязгаарын цэрэгт томилогдож ирсэн байлдагчид ирээд удаагүй. Газар оронтойгоо сайн танилцаагүй. Хилийн заставуудын зай хол зэрэг нөхцөл байдлаас үүдэж хохирол амсаж байсан. Тэр байтугай хажууханд нь байлдааны ажиллагаа болоод буудалцаад явж байхад ан хийж байна гэж ойлгоод анхаарал хандуулаагүйгээс болоод маш олон хүн амь үрэгдэж байсан. Унтаж байгаад хороогоороо хоолойгоо хэрчүүлээд, хээр буудаллахдаа буруу газар буудаллаж, түүнээс нь болоод ялагдах тохиолдол маш их байсан. Оспаныг устгах тусгай ажиллагааг Дотоодыг хамгаалах газар маш эрчимтэй явуулсан. Дандар баатрыг явуулаад ч устгаж чадаагүй. Мөн Сагдай гэдэг тагнуул Оспаны хажууд устгахад бэлэн байсан. Гэвч төвөөс үүрэг өгөөгүй учраас хөдлөөгүй. Тэндээс маш олон эх орончид тодрон гарсан. Даваадорж, Гиваан, Тэгшээ, Лхагвадорж, Дамба, Бадам гэх мэт.

-Эдгээр түүхэн байлдаануудын ойг дандаа тэгш ойгоор тэмдэглэдэг нь ач холбогдлын хувьд ямар байна гэж та үзэх вэ?
-Сүүлийн үед Баруун хилийн тулгаралтын ойг бид тэгш ойгоор тэмдэглэж байна. 60, 65, 70, 75 гээд л. Гэтэл ингэж тэмдэглэмээргүй санагддаг. Бид жил бүр тэмдэглэж байх ёстой. Яагаад гэвэл түүх мартагдаад байна. Энэ завсар түүхийг гуйвуулж байна. Хэрүүл гарч, сүүлдээ үндэстэн угсаатны хоорондох зөрчил болгож ашигладаг боллоо. Тухайлбал, Баян-Өлгийн иргэдийг нийтээр нь Оспаны үлдэгдэл, хасгийн дээрэмчид гэх мэтээр цоллож байна. Гэтэл түүнээс өмнө Казак иргэдийн төлөөлөл XX зууны эхээр Алтайг давж ороод суурьшиж байсан. Үндсэндээ уугуул иргэдээс асуудал гаргаагүй цаанаас дүрвэж орж ирсэн хүмүүсийг дагаад ийм асуудал үүсчихсэн.
Хоёрдугаарт, тухайн үед оролцсон Монгол ардын хувьсгалт цэргийн гүйцэтгэх үүргийг нь дутуу дулимаг орхичихоод байдаг. Гэтэл Баруун хилийн байлдаанд хязгаарын цэрэг л оролцоод ялчихсан юм шиг ойлголт хүмүүст төрөөд байдаг. Гэтэл тэнд Хязгаарын цэрэг, Монгол ардын хувьсгалт цэрэг, Дотоодыг хамгаалах цэрэг ч байсан. Мөн Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын хамгаалалтыг тухайн үед маш ядмаг хэрэглэсэн. Дайнд оролцсон Монгол ардын хувьсгалт цэргийн гүйцэтгэсэн үүргийг судлах ёстой. Түүхчид маань судалгааны ажлаа нэгтгэж чадахгүй, тус тусдаа хийгээд байна. Аль аль талд нь асуудал байгаа. Судлаачдын тоо хүрэлцэхгүй байна. Мэргэжлийн цэргийн түүхч иргэний түүх судалдаг хүнээс өөр байдаг. 1990 оноос хойш цэргийн түүхчийн залгамж халаа тасалдсан. Сайн дурын үндсэн дээр ч юм уу, өөр мэргэжлийн хүнийг дадлагажуулан сургах байдлаар асуудалд хандаж ирсэн нь маш том алдаа. Дэлхийн түүх гэдэг бол Монголын түүх, Монголын түүх гэдэг монгол цэргийн түүх. Тиймээс боловсон хүчнийг бэлтгэж гаргах хэрэгтэй байна. Ямар нэгэн түүхийг ойлгоход сошиалд хэрүүл гардаг шүү дээ. Нэг талаар хэрүүл гаргаж байгаа хүмүүсийн зөв. Учир нь бидэнд хангалттай цэргийн түүхийн боловсон хүчин алга. Бид боловсон хүчнээ бэлтгэж чадаагүй. Энэ хэрээр бид судалгаа шинжилгээгээ эргэлтэнд оруулж, ард түмэнд таниулж чадахгүйгээс үүдэж, хэрүүл тэмцэл гараад байгаа юм болов уу.

-Түүхээ гоёчилж гэлээ. Холбооны утсыг амандаа зуугаад нас барсан, өөр дээрээ тэсрэх бөмбөг хаясан гэх мэтийг худлаа өөрсдийгөө магтах гэж ингэсэн юм билээ гэдэг хэлэлцүүлэг нөгөө талд өрнөж байна. Энэ бодит үйл явдал мөн үү. Эсвэл түүхийг гоёчлох гээд гаргаад ирсэн юм уу?
-1990-ээд оноос өмнөх марксист, ленинист онолоор бичиж байгаа түүхийг ажиглах юм бол уран сайхны хэтрүүлэг хэрэглэдэг байсан нь үнэн. Гэхдээ түүхээс улаан цайм гажуудуулсан юм бараг байхгүй. Тухайн үед цэрэг дайчдыг зоригжуулахын тулд баатарлаг дүр хэрэгтэй байсан. Тиймээс фронт даяар явж, хэн сайн байлдсан тэр хүнийг хачирлаж чимэглэж бичих асуудал их гарсан. Тэр байтугай Монгол Улсын баатар Дуламсүрэнгийн Самдан, Садын Самдан гээд хоёр хүн гарч ирж байсан. Хэн нь Монгол Улсын баатар юм бэ гэдэг маргаан гараад сүүлд нь комисс гарч тогтоож байсан. Өөр дээрээ гранат дэлбэлсэн гэдгийн хувьд Байтаг Богдод Монгол Улсын баатар Тэгшээ, Гиваан, Даваадорж гурав яах аргагүй өөр дээрээ гранат дэлбэлсэн. Тэр гурваас нэгнийх нь гранат тэсрээгүй. Хоёр нь тэсрээд цээжээрээ тасарчихсан байсан. Тухайн үед өөр дээрээ гранат дэлбэлээгүй бол хасгийн дээрэмчид маш хэрцгийгээр тамладаг байсан. Энэ бол дайн. Дайн гэдэг энэрэх хайрлах сэтгэл байхгүй, нэгнийгээ үзэн яддаг хорсолтой үйл явдал. Тухайлбал, Монгол Улсын баатар Бадам тулган шаардах бичиг хүргэж өгсөн. Түүний цээжийг нь хадаад, өвчүүн дээр нь улаан таван хошуу сийлээд, хөл гарыг нь тасалж үзэшгүй муухайгаар тамласан байсан.
Холбооны утас амаараа зуусан асуудал бол тухайн үед буюу Чөлөөлөх дайн 1945 оны наймдугаар сард Жанчхүүгийн даваан дээр болсон байлдаан. Сүүлд Монгол Улсын баатар болсон Жанчивын тухай холбооны утсыг амаараа холбосон хэмээн дуу хүртэл гарсан. Тухайн үед яах аргагүй холбооны утсыг залгаж байгаад л амь үрэгдсэн юм билээ. Ахмад дайчдын дурдатгал, архивын баримтаас үзэхэд холбооны салсан утсыг нийлүүлээд нэг гартаа барьж, нөгөө гартаа холбох хэрэгслээ барьж холбоогоо залгасныхаа дараа баатарлагаар амь үрэгдсэн.

-Таны ярианаас анзаарахад дээр үеэсээ л манайх одоогийнх шиг Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Зэвсэгт хүчин гээд тусдаа үүрэгтэй байжээ дээ?
-Тийм. Монгол ардын хувьсгалт цэрэг яг одоогийнх шиг. Хилийн цэрэг, зэвсэгт хүчин дотоодын цэрэг гэх мэтээр тусдаа байсан. Монгол ардын хувьсгалт цэрэг нь тусгай үүрэг зориулалттай нэг ёсондоо тухайн үеийнхээ монгол цэргийн цөм нь байсан. Баруун хилийн тулгаралтад оролцсон монгол ардын хувьсгалт цэргүүдийн гүйцэтгэсэн үүрэг бүдэг талдаа байгаад байна. Гэтэл тэнд тулалдаж явсан ахмад дайчид өдөрт л цөөрсөөр. Тэдгээр хүмүүсээс энэ тэгш ой тохиож байгаа үед нэг ч гэсэн баатар цол нэхэн олгоосой гэж хүсч байна. Яг энэхүү Баруун хилийн тулгаралтад оролцсон дайчид одоо бараг байхгүй. Бас нэг гол санаа бий. Ирэх жил Халх голын 85 жилийн ой болно. Түүний дараа Чөлөөлөх дайны 80 жилийн ой. Өнөөдөр Баруун хязгаарын тулалдааны 75 жилийн ой. Улс орныхоо тусгаар тогтнолын төлөө үүрэг гүйцэтгэсэн ахмад дайчид жилээс жилд цөөрч байна. Халх голын дайнд оролцож явсан амьд дайчин гэж бараг байхгүй. Чөлөөлөх дайн ч цөөрсөн, Баруун хязгаарыг чөлөөлөхөд оролцсон дайчид ч маш цөөрсөн. Тэр дундаас нэг хүнд ч болов Монгол Улсын Баатар цол олгож болохгүй юу гэж ахмад дайчдын ар гэрээс гомдол гардаг. Тэд Эрдэнэт үйлдвэрт баатар цол өгдөг. Гэтэл яагаад ахмад дайчдад өгдөггүй юм бэ. Хууль эрхзүйн хүрээнд Монгол Улсын Баатар цолыг нэхэж олгохыг хориглох, эсвэл олгохгүй гэсэн нэг ч тушаал шийдвэр байдаггүй юм байна гэх зэргээр асуудаг. Тиймээс амьд байгаа хүмүүс биш юмаа гэхэд эх орныхоо төлөө амь биеэ зориулсан маш олон дайчин бий. Гаасүрэн, Шаарийбуу, нисгэгч Жамбаа, Чөлөөлөх дайнд оролцсон Кампани гээд Японы 800 цэргийг ганцаараа буулгаж авсан дайчин байна. Ийм түүх өөр улсад байхгүй. Хоёрхон хүн давхиж очоод Японы 800 цэргийг буулгаж авсан. Навааны Кампани гээд түүхт тагнуулч байна. Эрдэнэт үйлдвэрийн гавьяаг үгүйсгэж байгаа юм биш л дээ. Гэхдээ жинхэнэ баатруудыг нэхэн шагнамаар байгаа юм. Дайн байлдаантай улсуудыг харахад ямар улс мөхдөггүй вэ гэвэл эх оронч үзэл, үндэсний бахархлыг нь бий болгоод өгчихсөн. Эх орон ямар үнэтэй юм бэ. Эх оронгүй хүн ямар байдаг вэ. Тусгаар тогтнол ямар үнэ цэнтэй юм бэ гэдгийг найман наснаас наян настай буурал хүртлээ суулгаад өгчихсөн. Дайсан ирэхэд тэр найман настай хүүхэд хүртэл дрон нисгээд холбоо бариад, нөгөө талынхаа байдлыг мэдээлээд дайсны эсрэг тэмцэж байна шүү дээ. Энэ яаж байна гэхээр эх оронч үзэл, хүмүүжил, үндэсний бахархал нь бий болчихсон байна. Гэтэл бидэнд энэ үзэл маш их дутагдаж байна. Эх оронч иргэн гэдэг шалгуурт маш олон үзүүлэлт орно. Үүний зөвхөн нэг нь үндэсний эв нэгдлийг сахин хамгаалагч хүн эх оронч гэж байгаа. Өнөөдөр бидэнд эв нэгдэл маш дутагдаж байна. Эх оронч хүн гэдгийг битгий томоор ойлгоорой. Татаж байгаа тамхи, идсэн чихрийн цаасаа хогийн саванд хийчих. Түүнийгээ заавал баталгаажуулж, сельфи хийх албагүй. Яагаад гэвэл зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг. Зөвхөн Баруун хилийн тулгаралтаар жишээ татаад хэлэхэд 75 жилийн өмнө энэ улс тусгаар тогтнол хил хязгаарын бүрэн бүтэн байдал их өв соёлыг үлдээх гэж бидний төлөө 18-19 настай амьдрал үзээгүй, дөнгөж амьдрах гэж байсан хүүхдүүд эх орныхоо төлөө амь насаа зориулж бидэнд өнөөдрийг үлдээсэн юм шүү. Ирээдүйн үр хүүхдүүддээ л бид энэ үзэл санааг суулгаж өгмөөр байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.

Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.

Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.

Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.

Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм13 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр13 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр13 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр6 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад7 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм7 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд7 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм7 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм7 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм7 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм7 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр7 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм7 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим