Нийгэм
Анх удаа цэргийн бэлтгэл үүрэгтний сургуулийг орон нутгийн томилгоот нэгжийн сургалттай хамтатган явууллаа
Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу анх удаа дайчилгаатай болон орон нутгийн томилгоот нэгжтэй хамтарсан сургууль Төв аймгийн нутаг дэвсгэрт 2023 оны 9 дүгээр сар 05-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж явагдлаа.
Зэвсэгт хүчний Жанжин штабаас төлөвлөн зохион байгуулж, Хуурай замын цэргийн командлалаас цэргийн захиргааны удирдлагаар хангасан энэхүү сургууль нь 100 жилийнхээ буурал түүхийг бичсэн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийг түшиглэн Хуурай замын цэргийн зарим ангийн төрөл мэргэжлийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан юм.
Зэвсэгт хүчин нь Зэвсэгт хүчний тухай хууль, Дайчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын материаллаг баазад тулгуурлан дайчилгааны бэлэн байдлыг хангах, цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийг сурган дадлагажуулах сургуулийг тасралтгүй явуулж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2021 оны наймдугаар сард Зэвсэгт хүчний 123 дугаар ангийг түшиглэн Ховд аймагт зохион байгуулсан билээ.
Тэгвэл дээрх хууль тогтоомжоос гадна 2018 онд батлагдаж, 2022 онд шинэчлэгдсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн дагуу энэ жил анх удаа дайчилгаатай сургуулийг орон нутгийн томилгоот нэгжтэй хамтатган зохион байгуулснаараа онцлог байв. Өөрөөр хэлбэл, батлан хамгаалах тогтолцооны тулгуур үндэс болох төр, захиргааны байгууллага, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааг хамтатган шинэлэг арга хэлбэрээр явуулсанд ач холбогдол нь оршиж байгаа юм.
Төв аймгийн 16 сумаас дайчилгааны даалгавраар татагдаж ирсэн 1600 гаруй цэргийн бэлтгэл үүрэгтэнд хүн нэг бүрийн бэлтгэл болон салаа, салбарын жигдрэлтийг хангуулж, төгсгөлд нь буюу 09 дүгээр сарын 12-ны энэ өдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцуулсан юм. Тэдгээр оногдуулан данслагдсан цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн судалгааг авч үзвэл 50 гаруй хувь нь 20-35, 40 гаруй хувь нь 36-45, 46-аас дээш насныхан 10 орчим хувийг эзэлж байна. Ажил хөдөлмөрийн хувьд 8 хувь төрийн алба хаагч, 20 гаруй хувь аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг бол 20 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 50 хүртэлх хувь нь малчид ажээ.
Харин орон нутгийн цэрэг, орон нутгийн томилгоот нэгжид чиглэсэн сургалтыг Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ, Алтанбулаг, Сэргэлэн сумдад Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Сургалтын хөдөлгөөнт бүлгийн бүрэлдэхүүн удирдан явуулав. Ингэхдээ онол, дадлагын хэлбэрээр зохион байгуулсан ба тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг төрийн албаны бүх түвшинд хангахад чиглүүлэн амжилттай явагдаж өндөрлөлөө.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.