Нийгэм
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцлоо
Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний онол, арга зүйн цугларалт өнөөдөр буюу 10 дугаар сарын 4-ний өдөр үргэлжилж байна.
“Өөрчлөлтийн менежмент ба цэргийн сургалт бэлтгэл” сэдвээр явуулж буй цугларалтын хоёр дахь өдрийн сургалтад Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, орлогч дарга хурандаа Т.Галбадрах, ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Д.Баасан болон ЗХЖШ-ын зохион байгуулалтын бүтцийн дарга, төрлийн цэргийн командлагч, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нар оролцож байна.
Энэ өдрийн сургалтын эхэнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Монгол Улсын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа (2020-2023)” сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл хийв.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэхүү мэдээлэлдээ “Цаг үеэ олсон өөрчлөлтийн менежментийн асуудлыг хөндсөн энэхүү цугларалтын ач холбогдол маш өндөр юм. Уламжлал болсон үйл ажиллагаа улам бүр төгөлдөржиж, сүүлийн хоёр жил удирдлагын манлайлал, өөрчлөлтийн менежментийн асуудлыг хөндөж байгаа нь маш чухал. Миний бие 2020 оны 7 дугаар сараас Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдсоны дараа “Хандлагаа өөрчилье, хариуцлагатай байя” хэмээх асуудлыг анх дэвшүүлсэн. Бид төрийн бусад яам, байгууллагуудаас анхлан хандлагаа өөрчлөх асуудлыг ярьж, зохих үр дүнд хүрч, манлайлж байгаа. Энэхүү хандлагын өөрчлөлт нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлагаас эхлээд хугацаат цэргийн алба хаагч хүртэлх бүх шатанд мэдрэгдэж, алба хаагч бүр шинэ хандлага, шинэ өөрчлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх сэтгэл, сэдэл бүрэн төрсөн байна” гэдгийг онцоллоо.
Тэр бээр цааш нь “Бид өмнөх 3 удаагийн заах арга зүйн цугларалтаар хийх ажил, бодлого, зорилт, хүрэх үр дүнгээ ярьж байсан бол энэ удаа хийсэн ажил, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүрсэн үр дүнгээ тодорхой ярьж, дүгнэлт хийх цаг болсон. Бид хамтын хүчээр маш их ажлын ард амжилт дүүрэн гарсан. Энэ удаагийн Засгийн газар түүхэнд байгаагүй маш хүнд нөхцөлийг даван туулсан. Дэлхийн улс орны аюулгүй байдлын орчин, ковид цар тахлын хүнд үеийг бид амжилттай давлаа. Манай улсын эдийн засаг хасах 4.6 хувьд хүрч, цар тахлын онцгой нөхцөлд Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн нөөцөө их хэмжээгээр зарцуулсан. Бид энэхүү хүнд үеийг амжилттай туулж, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо тодорхойлоод байна. Өдгөө эдийн засгийн өсөлт нэмэх 7,6 хувьд хүрч, гадаад валютын нөөц нэмэгдсэн, хил, гааль болон гадаад худалдаа сэргэсэн зэрэг олон давуу чанар бий болсон. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас манай улсыг ковидын цар тахлыг хохирол багатайгаар, зөв менежменттэйгээр даван туулсан орны тоонд зүй ёсоор үнэлсэн ба энэ үнэлгээгээр бид дэлхийд 5-д жагссан нь Та бидний бахархал юм” хэмээв.
Мөн “Бид хүнд нөхцөлд Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баяраа тэмдэглэж, нэгэн зууны түүхээ баринтаглан, ололт амжилт, туршлага, сургамжаа дүгнэсний зэрэгцээ шинэ зууны бодлого, зорилтоо тодорхойлсон. Тодруулбал, бид Зэвсэгт хүчний технологийн шинэ зууны бодлого, зорилтоо тодорхойлж, үндэсний цэргийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэн, шинжлэх ухаан, технологи, инновацыг түлхүү ашиглана. Монгол Улсын “Алсын хараа-2050″ урт хугацааны бодлогын баримт бичигт Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бодлого, зорилго, зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх түвшинг 10, 10 жилээр тодорхой тусгасан. Бидэнд хийж, хэрэгжүүлсэн болон цаашид ч хэрэгжүүлэх олон ажил бий” гэдгийг онцлов.
Мөн “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Батлан хамгаалах бодлого, зорилтын талаар тусгасан бүхий л ажлууд бүрэн хэрэгжиж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгсөн.
Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэхүү мэдээллийнхээ төгсгөлд Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлагч, удирдах газрын дарга, нэгтгэл, ангиудын захирагч нарт цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм21 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр23 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр23 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр23 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө