Дэлхий дахинд
Пакистан улс Энэтхэгийн хоёр онгоцыг буудаж унагаснаа мэдэгдлээ
Пакистан улс өнөөдөр Кашмир дахь өөрийн агаарын хилд нэвтэрсэн Энэтхэгийн армийн хоёр онгоцыг буудаж унагаснаа мэдэгджээ.
Хоёр онгоцны нэг нь Пакистаны газар нутагт унаж, нисгэгч нь баривчлагдсан бол нөгөө нь Кашмирын Энэтхэгийн хэсэгт унасан гэнэ.
Дөнгөж өчигдөр үүрээр Энэтхэгийн тал 1971 онд хөрш хоёр орны хооронд гарсан дайнаас хойш анх удаагаа Пакистаны захиргаан дахь Кашмирын газар нутагт агаарын цохилт өгсөн юм.
Энэ нь хоёрдугаар сарын 14-ний өдөр Энэтхэгийн Кашмирт гарсан террорист ажиллагааны хариу арга хэмжээ байлаа. Өнөөдөр өглөө бас хоёр талын цэргүүд Кашмирын маргаантай хилийн шугамын хоёр талаас харилцан гал нээсэн байна.
Энэтхэгийн цагдаагийн 40 алба хаагч амь үрэгдсэн 14-ний халдлагыг Пакистаны нутаг дэвсгэрт орогнодог Исламын Жайш-Э-Мохаммед зэвсэгт бүлэглэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн юм. Харин Шинэ Делигийн эрх баригчид уг халдлагыг Пакистаны засгийн газрын захиалгаар гүйцэтгэсэн гэж үзэж байна.
Өчигдрөөс эхлэн Пакистаны тал Кашмир дахь маргаантай хилийн дагуу байлдааны хүнд зэвсэг техникүүдээ байрлуулж эхэлжээ. Өнөөдөр өглөө болсон буудалцааны үеэр таван цэрэг нь хөнгөн шархдсан тухай Энэтхэгийн батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдээлсэн байна.
Пакистаны талаас дөрвөн хүн алагдаж, долоон хүн шархдсан тухай тус улсын албаныхан мэдээлжээ. Хохирогчид нь цэргүүд, эсвэл энгийн иргэн байсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Өчигдрийн агаарын довтолгооны хариуд Пакистаны тал ямар нэг ажиллагаа зохион байгуулахаа ил тод мэдэгдэж, Энэтхэгийн тал сонор сэрэмжээ дээшлүүлж, хамгаалалтаа чангатгаад байгаа.
Цөмийн зэвсэгтэй хөрш хоёр орон 1947 онд Британий колоничлолоос салснаасаа хойш нийт гурван удаа дайн хийгээд байна. 2002 онд Энэтхэгийн парламентын байранд Пакистанд орогнодог зэвсэгт бүлэглэл халдлага зохион байгуулсны дараа дөрөв дэх дайн дэгдэх шахаж байжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хоёр улсын гадаад хэргийн сайд нартай тус тусад нь утсаар холбогдож, дахин зэвсэгт мөргөлдөөнд хүрэхээс сэргийлж ажиллахыг уриалсан байна.
Мөн Европын Холбоо, Хятад улсын засгийн газар дайсагнагч талуудад хүч хэрэглэхээс татгалзахыг уриалжээ.
Эх сурвалж: Reuters