Нийгэм
Хүүхнүүд нөмөртэй хуульч бүсгүй

Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Зоригийн Жаргалмаа гэх цэх шулуун алхаатай, дулаан төрх, дотно яриатай, үс зүс нь үлгэрлэмээр үргэлж гоё явах энэ эмэгтэйг Орхон аймгийнхан олон жилийн өмнөөс мэдэх болсон. Эрхүүгийн их сургууль төгссөн залуухан хуульч бүсгүй тухайн үед насаара эрх зүй уншсан мэргэжлийн хүрээний луухрууд хүртэл тэнцэхсэн гэж мөрөөддөг байсан өмгөөлөгчийн шалгалтыг өлхөн давж Эрдэнэтэд ирснээр олны хараанд өртөж эхэлсэн.
Аймагтаа төдийгүй улсад нэртэй Ж.Шаравнямбуу, Д.Тэгшжаргал, Д.Оюунчимэг, Р.Нямцэрэн гэх өмгөөлөгчид түүнийг өөрийн эгнээндээ дуртайяа элсүүлсэн нь учиртай. Хэдхэн үгийн солионд л мэргэжлийн үнэр ханхийж, чамбай байдал нь мэдрэгдсэн гэдэг. Жилийн дараа гэхэд З.Жаргалмаа эрүүгийн, иргэний, хөдөлмөрийн маргааны олон хэргийг өөрийн талд шийдүүлж, хэдий залуу ч эрэлттэй өмгөөлөгчдийн тоонд зүй ёсоор нэрлэгдэх болсон. Тэрээр үнэн, худалтай нүүр тулж зургаан жил өмгөөлөгчөөр ажиллахдаа эрүүгийн хэрэгт холбогдсон хоёр хүнийг цагаатган шүүхийн танхимаас халуун ам бүл рүү нь баярын нулимстай буцаасан нь хуульч мэргэжил эзэмшсэнийх нь гавьяа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хоёр гэмгүй иргэн хилсээр шийтгүүлэх гэж байхад нь залруулжээ.
Энэ мэт ээдрээтэй олон хэргийн зангилааг тайлж, тэр хэрээр өөр өөрийн онцлогтой олон өмгөөлөгч, шүүгч, прокурортой халз үзэж явсан нэгэн. Зарим өмгөөлөгч өрөвдүүлэх, илүүрхэх, үйлчлүүлэгчдэдээ таалагдах гэж ихийг нуршдаг бол З.Жаргалмаа хууль зүйн оновчтой гаргалгааг товч тодорхой илэрхийлэхийг илүүд үздэг. Угтаа товч байх нь авьяас чадварын илэрхийлэл юм. Өмгөөллийг мөнгөний төлөө үзүүлэхгүй гэх зарчим анхнаасаа барьж, аливаа хэргийг ултай судалж, шүүхээр нааштай шийдвэрлэгдэх боломжтой, санаанд багтсан хэрэг дээр л ажилладаг байв. Хэдийгээр өөрийнх нь төлөө санаа тавих өмгөөлөгчтэй байх нь сэтгэл өег ч, хүнд дэмий горьдлого төрүүлж, хохирсон дээр нь хохироож болохгүй гэх.
2000 оны эхээр Р.Нямцэрэн өмгөөлөгч түүнийг мэргэжилтнийх нь хувьд ихэд тоож Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны гэрээт хуульчийн ажлаа итгэн шилжүүлж, тэдний хэрэг дээр ажиллахыг санал болгожээ.
З.Жаргалмаа хэдийгээр “Би иргэний эрх зүйн чиглэлээр мэргэших сонирхолтой” гэж цааргалсан ч мань хүн орос хэл дээрх сурах бичиг, бүр их сургуулийн өөрийн лекцээ хүртэл авчирч өгөөд сонгохоос аргагүйд тулгажээ. Гэсэн ч шинэ чиглэлийн гараан дээрээс хөдлөхдөө л тэр “өнгөлсөн”. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрээс хууль бусаар халагдсан Хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга, Авто тээврийн байгууллагын дарга тэргүүтэй олон хүнийг ажилд нь буцаан тогтоож байв. Үүнтэй зэрэгцэн Эрдэнэт үйлдвэр удирдлагууддаа Хөдөлмөрийн хуулийн чиглэлээр хичээл заалгахаар түүнийг урьсан нь дэлхийд данстай их “айл”-ын босгыг элээн ажиллахын эхлэл байсан юм.
Одоо З.Жаргалмаа Эрдэнэт үйлдвэрийн Хууль эрх зүйн газрын тэргүүлэх хуульч. Та бидний сайн мэдэх хэрнээ бас тэнд хэн хэн ажилладаг, ажил үйлс нь хэрхэн өрнөж, алба хэрхэн өртөөлдгийг тэр бүр анзаардаггүй газар. Хуульч хэмээх хүндэтгэлтэй хэрнээ хүнд бэрх, бас ч хэл амтай, хэрүүл тэмцэлтэй албанд хүмүүс яаж зүтгэж, олны төлөө, компанийн эрх ашгийн төлөө оюунаа чилээн арга мухардтал зүтгэснийхээ хариуд хэрхэн баярлаж, гомдож явдгийг ойлгох нэгэн байхад ойшоохгүй хэсэг ч бий. Тэрээр энд ажилд орсон эхний өдрөөсөө л Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ҮЭ-ийн холбооны хооронд байгуулдаг Хамтын гэрээний хуульчаар 2015 он хүртэл 10 гаруй жил ажилласан. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Хамтын гэрээ уул уурхайн салбартаа жишиг тогтоож буй нь түүний ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан зүтгэлийн нэгэн илэрхийлэл. Мөн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тушаал бүрийг хянаж, хууль зүйд нийцүүлэх ажлыг даалгасан. Энэ ажлыг хариуцаж байх үед нь нэг ч тушаал хууль зүйн үндэслэлгүй хэмээн шүүхээр буруушаагдаж байгаагүй нь түүний ажлын бас нэг үнэлгээ. “Эрдэнэт” Монгол – Оросын хамтарсан үйлдвэр байх үед Хуулийн хэлтсийн бичиг баримтын боловсруулалт, тайлан, Зөвлөлийн шийдвэрийн биелэлт, зөвлөмж гээд орос хэл дээрх бүхнийг З.Жаргалмаа хариуцдаг байлаа. Мэдэхээсээ мэдэхгүйгээ хүртэл орчуулж тэмдэглэсээр нэг л өдөр “Монгол-Орос, Орос-Монгол хууль зүйн толь” хэвлүүлэх хэмжээнд хүрчээ. Хэлэх, хийх нь үргэлж чанар дагуулдаг энэ бүсгүй Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн багц журмууд зэрэг бодлогын баримт бичгүүдийг боловсруулах ажлын хэсэгт хуульчаар ажилласан нь одоо хэр мөрдөгдөж байна.
Тэргүүлэх хуульч З.Жаргалмаа өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоогоор овоглогдох болсон нь бүр 10 жилийн сурагч байхаас төлөвшсөн нийгмийн идэвхээс улбаатай байж мэдэх юм. Дорноговь аймгийн Сайншанд, Хэнтийн Бэрхийн 8 жил, Өндөрхаан хотын 10 жилийн сургууль дамнан суралцаж Эрхүүгийн Их сургуулийн оюутан болсон тэрээр хаа явсан газраа сурлагаар “толгой цохиж”, ангийн болон бүлгийн даргын үүрэгт ажлаас мултралгүй явсаар төгсчээ. Хойно оюутан болж очоод удаагүй байхад нь Москвагаас арван жилийн сургуулийн ангийн, тоо бодохоос өөрийг мэддэггүй болов уу гэмээр томоотой хүүгээс үе үехэн захиа ирэх болсон нь насны сайхан хань Б.Ганбат нь байж.
З.Жаргалмаа сургуулиа төгсөөд эх орондоо ирэхдээ мэдлэгтэй, мэргэжилтэй, нөхөртэй, хүүтэй, охинтой баян буусан. Түүгээр ч барахгүй хүсэл тэмүүлэл дүүрэн ирсэн. Түүнийгээ ч хэрэгжүүлсэн.
2005 онд Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Т.Лхамгарав агсан нэг өдөр түүнтэй уулзаад “Чамайг манай зөвлөлийн тэргүүлэгчээр сонгосон шүү. Чам шиг л хуульч манай ТББ-д хэрэгтэй…” гээд хүчилчихэж. Эхлээд ч эмэгтэйчүүдэд хууль зүйн сургалт явуулахаас хэтэрдэггүй байв. Сүүлдээ өнөөх хэнхэг зан нь хөдлөөд дунд нь ороод явчихсан гэдэг. 2010 онд Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдсоноос хойш энэ ажил руу бүр эргэлт буцалтгүй оржээ. Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо ажлаараа улсад айраг алдаагүй. Өнгөрсөн жил амжилтаа ахиулж тэргүүлсэн. Түүний эмэгтэйчүүдийн төлөө санаачилж, хэрэгжүүлсэн ажлыг энд бүгдийг дурдвал сонины бүтэн дугаар ч дэндүү багадана. Нилээд хэдэн жилийн өмнө би түүний “Номин” телевизэд өгсөн ярилцлагыг үзсэн юм. Тэгэхэд “Манай эхчүүд цалингаа аваад хүүхдээ гэртээ хардаг болох үе ойрхон…” гэж ярихад нь үнэндээ инээд хүрч билээ. Харин одоо Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад биелэлээ олсон. Өнөөдөр энэ үйлдвэрийн ажилчин хүүхнүүд сар бүр 500 мянган төгрөгийн тэтгэмж аваад хүүхдээ гурван нас хүртэл гэртээ асарч байна. Энэхүү тэтгэмжийн хэмжээ ийнхүү нэмэгдэхэд түүний санаачилга, хөөцөлдлөгөө их байсныг хэн хүнгүй мэднэ. Энэ бол З.Жаргалмаа хуульчийн бүсгүйчүүдийн төлөө сэтгэл зовинож, оюунаа чилээсэн олон ажлын зөвхөн нэг нь. Хамгийн сүүлд тэр саяхан Уурхайчин эмэгтэйчүүдийн Үндэсний чуулганыг Эрдэнэсийн хотдоо зохион байгуулахыг санаачлан багийнхантайгаа амжилттай хэрэгжүүллээ. Эх орны өнцөг булан бүрээс 400 гаруй уурхайчин бүсгүйчүүд энд чуулж хөгжлийн гарцаа тодорхойлсон. Ийм л ид бүтээлч насаа эрч хүчтэй, завгүйхэн өнгөрүүлж буй, гунигаа нуун инээмсэглэн алхах З.Жаргалмаа хуульчийн тухай цухасхан өгүүлэхэд омогшил төрнө.
М.ОДГЭРЭЛ

Нийгэм
Б.Баатарсүрэн болон БНХАУ-ын иргэн Жан Рү Ди нарын 10 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Б.Баатарсүрэн, Б.Билгүүн, Б.Одбилэг, С.Шагдаррагчаа, Х.Алдар, Ю.Ууганбаяр, Жан Рү Ди /Zhang Rudi/, П.Дамдин, Г.Билгүүн, Б.Мөнгөнхүү нарт холбогдох хэргийг яллагдагч Жан Рү Ди /Zhang Rudi/ болон яллагдагч Б.Билгүүний өмгөөлөгч Э.Оргил нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Б.Баатарсүрэн нарын 10 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан…”, 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулахдаа хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн тус хуулийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хууль бусаар хүн хорьсон…” зэрэг гэмт хэрэгт холбогдсон юм.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар яллагдагч болон өмгөөлөгчийн бичсэн гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.
Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.
Нийгэм
Жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргажээ

Цагдаагийн байгууллагад энэ он гарснаас хойш буюу эхний 2 сарын байдлаар зам тээврийн ослын шинжтэй нийт 21,565 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Эдгээрээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон мөн жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх 3679 гаруй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл бүртгэгдэж, эдгээр иргэдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлын улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас хохирсон байна.
Тодруулбал, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн иргэн жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасан хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, хариуцлагатай хандаж өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Нийгэм
Соёлын биет өвийн эд зүйлийг хувьдаа завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2025 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50641, мөрдөн байцаалтын 3231 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 277 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал,
Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 113, Өмчлөх эрхийн эсрэг 80, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 52, Авлига, албан тушаалын 9, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4, Эдийн засгийн эсрэг 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Соёлын өвийн эсрэг 1 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Г нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн “О” компанид нэмэлт ажил олгох тусгай зөвшөөрөл гаргуулан өгсний хариуд 20 сая төгрөг, “Г” компаниас 6.6 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 1/Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, дээрх нэр бүхий компанийн удирдах албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК-ийн удирдах албан тушаалтан М.Ц нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилтийг бусдаар хийлгэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51 сая төгрөгөөр бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн удирдах албан тушаалтан Б.Ж нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй компаниас бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилт хийлгэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 156 сая төгрөгөөр бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, “Clozapine Tablets” эмийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан А.П, З.Г нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэргийн 20.14 дүгээр зүйлийн 2 /Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хүрэл тогоо, бүс, чулуун эдлэл, сумны зэв зэрэг 28 төрлийн 135 ширхэг түүх соёлын биет өвийг завшсан С.Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 /Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах/, 25.5 дугаар зүйлийн 3 /Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
-
Нийгэм6 цаг өмнө
ЦЕГ: 513 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ
-
Улс төр6 цаг өмнө
Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм4 цаг өмнө
“Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо
-
Нийгэм4 цаг өмнө
“Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ” гэх мэдээлэл үндэслэлгүй худал мэдээлэл
-
Нийгэм8 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
-
Нийгэм8 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв