Нийгэм
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 1 болон 16 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагчид анги хамт олноороо амьтны хүрээлэн дэх амьтадтай танилцлаа. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч О.Номинчимэг:
-Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хотын соёлыг төлөвшүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд дэлхийн хотуудын жишгээр соёл, танин мэдэхүйн газруудтай танилцуулах замаар суралцагчдын танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зоо парк, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй юм. Нийслэлийн Боловсролын газар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй амьтны хоёр хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд сургалтын хөтөлбөртэй уялдуулж нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 10 мянган сурагчид амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулах юм. Мөн тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай 1000 сурагчийг үнэ төлбөргүй үзүүлэхээр төлөвлөөд байна.
“Улаанбаатар зоо парк” ХК-ийн захирал Б.Оргил:
-Бид 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Манайд имж, элбэнх, сармагчин зэрэг 60 гаруй төрөл зүйлийн 300 орчим амьтан бий. Өмнө нь “Алтай” хотхоны зүүн талд түрээсийн байранд үйл ажиллагаа байгаад ашиглалтын зардлаа даахгүй болж, Үндэсний соёл амралтын хүрээлэн биднийг дэмжин байр гаргаж өгснөөр нүүж ирсэн. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг амьтны хоёр хүрээлэн цаашид үйл ажиллагаагаа явуулахад хүндхэн нөхцөл байдалтай тулгарсан энэ үед НЗДТГ болон Нийслэлийн Боловсролын газраас бидэнд тодорхой хэмжээний санхүүгийн туслалцаа үзүүлж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангасанд баяртай байна.
Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Г.Одонгуа:
-Боловсрол, шинжлэх ухааны сайдын хичээлээс гадуурх үлгэрчилсэн хөтөлбөр нь найман чиглэлтэй. Эдгээрийн нэг болох байгаль, экологийн боловсролыг хүүхдэд олгох чиглэлийн хүрээнд өнөөдөр манай сургуулийн 5 дугаар ангийн хоёр бүлэг амьтны хүрээлэн үзэж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд эх байгалиа хамгаалах, амьтан хайрлах, энэрэх сэтгэлтэй болж төлөвшихөд маш чухал хувь нэмэртэй юм хэмээлээ.
Нийгэм
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзаж, 23 дугаар сургуулиар зочлон, Pearson англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.
Pearson англи хэлний хөтөлбөрийг манай улс 2022-2023 оны хичээлийн жилд 38 сургуульд туршилтаар хэрэгжүүлсэн бол энэ хичээлийн жилд төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн 5-6 дугаар ангийн 140 орчим мянган хүүхэд судалж байна. Ирэх хичээлийн жилд Pearson хөтөлбөрийг судлах сурагчдын тоог нэмэгдүүлнэ.
2023 онд батлагдсан Боловсролын ерөнхий хуулиар сурагчдын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байхаар хуульчилсан. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ирэх 2024 оны 9 дүгээр сарын 1-нээс 3 дугаар ангийн сурагчид англи хэл үзэж эхэлнэ. Мөн энэ хүрээнд багш нарыг бэлтгэх, давтан сургах юм. Англий хэлний хөтөлбөрийг хэрэгжилтийг ИБУИНХУ-ын Гадаад хэргийг сайд дэмжихээ илэрхийлж 3 жилийн хугацаанд 10 сая фунтийн дэмжлэг үзүүлнэ гэлээ.
Pearson англи хэлний хөтөлбөрөөс гадна тус улсын Кембрижийн их сургуультай манай улс боловсролын салбарт хамтран ажилладаг. Энэ хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх ажлууд үе шаттай хэрэгжиж байна.
Мөн дэлхийн хэмжээнд их дээд сургуулиудын эрэмбэ чансааг тогтоодог Times Higher Education байгууллагатай хамтран 2023 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсролын байгууллагуудын үндэсний эрэмбийг анх удаа тогтоосон. Хамтын ажиллагаа цаашид ч үргэлжилж тодорхой давтамжтайгаар эрэмбэ чансааг шинэчилж байх юм. Үндэсний үнэлгээний тогтолцоогоо бэхжүүлэх зорилгоор бид Английн AQA байгууллагатай мөн хамтран ажилладаг.
Чевнингийн хөтөлбөрийн хүрээнд сүүлийн жилүүдэд манай улсаас Англи улсад 200 гаруй оюутан суралцаж төгсөөд байна. Тэтгэлгийн хэмжээ болон хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ мэтчилэн ИБУИНХУ болон Монгол Улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байна
Нийгэм
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Монголын хүүхдийн ордонд боллоо. Хуралд тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, саналын эрх бүхий төлөөлөгч болон компанийн удирдлагууд оролцов.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, ноогдол ашиг мөн компанийн дүрэмд оруулах өөрчлөлт зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 28.4 сая тонн нүүрс экспортолж, нийт нүүрсний экспортын 40.8 хувийг дангаараа бүрдүүлж Монгол Улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн амжилттайгаар 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хийлээ.
Тайлангийн хугацаанд компанид Засгийн газраас онцгой дэглэм тогтоосноор засаглал, санхүүгийн сахилга бат сайжирч, нүүрс ачих, экспортлох, тээвэрлэх, хил нэвтрүүлэх үйл явц сайжирсныг компанийн ТУЗ-өөс онцлон тэмдэглэлээ.
Хуралд оролцогч хувьцаа эзэмшигчид компанийн ТУЗ болон удирдлагын бүрэлдэхүүнээс компанийн үйл ажиллагаа, ногдол ашиг хуваарилах болон бусад асуудлаар нээлттэй асуулт асууж хариулт авлаа.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн албан ёсны цахим хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан нийт хувьцаа эзэмшигчдэд нээлттэй, ил тод зохион байгууллаа гэж Эрдэнэс Тавантолгой ХК-иас мэдээллээ.
Нийгэм
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна
2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудыг шинэчилж байна.
Өнөөдрийн байдлаар 6 байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал,
-Намьяанжүгийн гудамж буюу Зүүн 4 замаас урагш Нарантуулын уулзвар хүртэлх
-Амгалангийн зам буюу Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх
-ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун чиглэл
-Соёолжийн нүхэн гарцаас Нарантуулын уулзвар хүртэлх
-Хилчин гудамжны засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.
Мөн хотын гол болон туслах гудамж, замын урсгал засвар буюу нүхэн эвдрэлийг засварлах ажлыг төвийн 6 дүүрэгт 201 байршилд хийнэ. Өнөөдрийн байдлаар замын нүхэн эвдрэлийг засварлах ажил 35 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал,
-Чингэлтэйн өргөн чөлөө,
– Галданбошогтын гудамжны авто зам,
-Хайлаастын зам,
-Ажилчны гудамжны авто зам,
– Хараагүйчүүдийн төвийн зам,
-Хасбаатарын гудамж,
-Ард Аюушийн гудамжны авто зам,
-Хүннүгийн гудамжны авто зам,
-Шархадны гудамжны авто зам,
-Натурын туслах авто зам,
-Олимпын гудамжны авто зам,
-Парисын гудамжны авто замын нүхэн эвдрэлийг засварлаж дууслаа.
Харин Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, 22-ын товчооны авто зам, Өнөр хорооллын авто зам, Үйлдвэрчний гудамж, Хүнсчдийн гудамжны авто зам зэрэг 30 орчим байршилд авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна.