Бусад
Авто зам, мөсөн зам, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах тухай сэрэмжлүүлэг

Ихэнх нутгаар дулаарч, хуримтлагдсан цас, гол мөрөн, нуурын мөс хайлж, шар усны үер буух эрсдэлтэй болсон тул улс, орон нутгийн чанартай авто зам болон мөсөн замд осол, зөрчил гарах нөхцөл байдал үүсэж болзошгүй байна.
Иймд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, тээвэрлэлтийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор авто замын ашиглагч, хариуцагч, автотээврийн холбогдох байгууллага, албан тушаалтан, жолооч, зорчигчдод, хяналт хэрэгжүүлэгч байгууллагуудад дараах зүйлүүдийг анхаарч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна. Үүнд:
- Авто замын хариуцагч байгууллагууд замын зурвас газар, гүүр, хоолойн хэсэгт байгаа хог хаягдал, малын сэг зэм, том жижиг хэмжээний хатуу болон зөөлөн материалын хаягдлыг цэвэрлэх, гол горхины урсгал гольдрилыг чиглүүлэн засах, урсгал залах далан, шуудууг сэргээн засварлах, мөс цөнгийн бөөгнөрөл түрэлтээс хамгаалахын тулд голдиролын доторх гүүрийн тулгуур, урсгалын хурднаас хамааруулан норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу мэргэжлийн байгууллагаар мөс зүсэгчийг байршуулах, засварлах, тулгуур, мөс зүсэгчийн эргэн тойронд хөрс угаагдалтанд орохоор байвал шаардлагатай хамгаалах арга хэмжээг авах;
- Олон улсын болон улсын чанартай авто замын хариуцагч байгууллагууд, түүний харъяа байгаа шуурхай ажлын хэсгүүд, засвар арчлалтын ажилд шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмж, материал, хүн хүчийг бэлэн байлгах арга хэмжээг авч ажиллах;
- Авто замын арчлалт, урсгал засварыг хариуцагч болон захиалагч байгууллагууд тухайн хариуцсан зам, гүүрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг жолооч нарт тогтмол өгч, Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасны дагуу авто замаар зорчиж буй иргэд, зорчигчдоос зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаарх мэдээллийг авч, шуурхай арга хэмжээг зохион байгуулах;
- Томоохон гол, мөрөн, нуур бүхий аймаг, сумын Засаг дарга нар Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасны дагуу гол, нуурын мөс хөлдөх, хайлах, халиа, цөн түрэлт явагдаж, шар усны үер, гарч дуустал хугацаанд шаардлагатай газруудад мөсөн замын тээвэрлэлтийг түр хязгаарлаж, хориглох болон Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу зохих шийдвэрийг гарган мөрдүүлж ажиллах;
- Аймгийн Засаг дарга нар орон нутгийн цаг уурын байдлыг харгалзан томоохон нуур, голууд дээр цас, мөсний баяр, амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулах, мөсөн замын тээврийн үйлчилгээг эхлүүлэх, дуусгах хугацаа, мөсний даац болон тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох асуудлыг Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасны дагуу тухайн орон нутгийн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний байгууллагатай хамтран шийдвэрлэж байх;
- Газрын гадаргын цасан бүрхүүл, голын мөс хайлах, шар усны үерийн улмаас эвдэрсэн зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг гаргаж, түүгээр тээврийн хэрэгслийг явуулахгүй байх, хязгаарлах арга хэмжээг авах, анхааруулах, хориглох тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, гүүрийн тооцоот даацад тохирсон хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, мэдээлэх ажлыг аймгуудын авто замын засвар, арчлалт хариуцсан болон автотээврийн эрх бүхий байгууллагууд хамтарч хийж гүйцэтгэх, хөдөлгөөнийг сэргээх шийдвэрийг гаргахдаа холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, зөвшөөрлийг үндэслэх;
- Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, аймгуудын Тээвэр, авто замын асуудал хариуцсан байгууллагууд улс, хот хооронд, орон нутгийн нийтийн тээвэр, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэгч, тээврийн хэрэгсэл бүхий иргэдийн зорчих хөдөлгөөнийг батлагдсан маршрут, баталгаатай авто замаар гүйцэтгүүлэхэд хяналт, шалгалтын үйл ажиллагаагаа чиглүүлж, тээвэрлэлтийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах;
- Тээврийн байгууллагуудаас тээвэрчдэд авто зам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглах, гүүрээр түүний тооцоот хурд, даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх, даац, суудлын тоог хэтрүүлэхгүй байх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий мэдээлэл сурталчилгааг тогтмол хийж байх;
- Ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд жолооч нартаа үйлчилгээнд гарахын өмнө тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангуулахын тулд цас, мөсний хайлалт, шар усны үер гарсан болон тэдгээрийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын талаарх судалгаа, мэдээллийг өгч, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээг авах;
- Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэхдээ гэрээ байгуулсан байгууллагатай тохиролцсон цагийн хуваарь, чиглэлийг баримтлах, автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, техникийн шаардлагыг хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх, тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх, жолоочийн ажил, амралтын зохицуулалтын байдалд анхаарч ажиллах;
- Тээвэрлэлтийн ажил үйлчилгээнд гарахын өмнө жолоочийн эрүүл мэндийн байдалд үзлэг хийж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцлийг хангасан байдлыг шалгаж, замын хуудсыг баталгаажуулж байх;
- Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар ашиглалтын нөхцөл, шаардлага хангагдаагүй, эвдрэлтэй авто болон мөсөн зам, гүүр, тэдгээрийн байгууламжийн талаарх мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэл, аймгуудын Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагуудад өгч, зохих арга хэмжээг авахуулж байх зэрэг болно.
Эх сурвалж: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм4 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм5 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр5 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент5 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм4 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна