Нийгэм
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах 4 үйлдвэр ашиглалтад оржээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Траст трейд” ХХК, “Ажигана” ХХК-д ажиллалаа.
“Траст трейд” ХХК 2000 онд мах, махан бүтээгдэхүүн, хиам үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдааны чиглэлээр бага оврын тоног төхөөрөмж, түрээсийн байранд, зургаан ажилтантай үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.
Үүнээс хойш өөрийн гэсэн үйлдвэр, гахайн аж ахуй, мах ангилах, боловсруулах үйлдвэр зэргийг ашиглалтад оруулж, одоогоор 70 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлдэг. Мөн эхний ээлжинд гадаадын таван улсад бүтээгдэхүүнээ экспортлохоор бэлтгэж байна.
Хамгийн сүүлд буюу 2023 онд ХАЛАЛ аргаар хоногт 500 бод, 1000 бог төхөөрөх хүчин чадалтай, 5000 тн зоорь бүхий мал төхөөрөх үйлдвэрээ ашиглалтад оруулжээ.
Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, газар тариалангийн техник, тоног төхөөрөмж, тусгай тээврийн хэрэгслийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр зээл авсан байна.
Үүний дүнд энэ онд борлуулалт 26 хувиар өсөж, ажлын байраа нэмэх боломж бүрдсэн. Цаашид борлуулалтын орлого болон ашгийн хэмжээ жил бүр өсөж, энэ хэрээр улсын төсөвт төлөх татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ нэмэгдэхээр байгааг компанийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа танилцууллаа.
Үйл ажиллагаагаа өргөтгөн “Траст групп” ХХК болсон тус компани ирэх жил мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлэгч байгууллага болж, 2030 он гэхэд бүтээмж, инновацаар олон улсын байгууллагуудын жишигт хүрэх зорилт тавьжээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд гэхэд л 934 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1,957 аж ахуйн нэгж, иргэнд олгож, хүүгийн зөрүүг улсын төсвөөс төлсөн. Мөн хүнс, хөдөө аж ахуйн 19 төрлийн үйлдвэрлэлд шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжийг импортын гаалийн албан татвараас чөлөөлж, хөнгөлж байна. Энэ дэмжлэг цаашид үргэлжилнэ гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хэллээ.
Үүний үр дүнд 2023 онд олон улсын шаардлагад нийцсэн мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад орсон байна. Мөн онд махны экспортоос 277 сая ам.долларын орлого олсон бол хүнсний бүтээгдэхүүний импорт 12 хувиар буурсан дүн гарсан. Энэ нь нэг тэрбум гаруй ам.доллароор гадаадаас хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг манай улс 2023 онд 120 сая орчим ам.долларыг эх орондоо үлдээсэн гэсэн үг юм.
“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ЫН ХҮРЭЭНД ТАХИАНЫ МАХНЫ ХЭРЭГЦЭЭГ ДОТООДООС БҮРЭН ХАНГАНА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр “Ажигана” ХХК-д ажиллалаа. Компанийн удирдлагууд “Оргио” тахианы үйлдвэр, эх сүргийн байр, өндөг дарж дэгдээхэй болгох инкубатор болон тахиа өсгөх бройлер цехээ танилцуулав.
Манай улс жилд 22 мянга гаруй тн тахианы махыг гадаадаас 50-60 сая ам доллароор авдаг бөгөөд хэрэглээ жил бүр 20 хувиар өсдөг статистик үзүүлэлт бий.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд бүх төрлийн дэмжлэг үзүүлснээр ирэх таван жилд тахианы махны хэрэглээг дотоодоос бүрэн хангана гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэллээ.
“Ажигана” компани жилд 1,000 гаруй тн буюу дотоодын тахианы махны хэрэглээний таван хувийг үйлдвэрлэж байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд шувууны аж ахуйн болон тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлж, урт хугацаатай, бага хүүтэй зээл олгон, бодлогын бусад дэмжлэг үзүүлж байгаа.
“Анжигана” ХХК-ийн хувьд авсан зээлээрээ шинэ инкубатор суурилуулж /импортын татвараас чөлөөлөгдсөн/, тэжээлийн үйлдвэрээ өргөтгөн, хүчин чадлаа нэмжээ. Цаашид төхөөрөх цехээ автоматжуулж, автомат удирдлага, хяналтын систем нэвтрүүлэх, эх сүргийн хүчин чадлыг 50 хувь нэмэгдүүлэх, хоршоологчид болон тахианы аж ахуйн нэгжүүдтэй хамтрах, тахианы махны хэрэглээний 20 хувийг бүрдүүлэх зорилт тавиад байна.
Тус компани өнгөрсөн жилүүдэд улсын төсөвт 10 тэрбум төгрөгийн татвар төлжээ.

Нийгэм
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллалаа.
Энэ үеэр Сант сумын төв хэсэгт 1980 онд баригдаж, 2015 оноос хойш ашиглагдахаа больсон Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн хуучин барилгын одоогийн нөхцөл байдалтай танилцлаа.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд огт ашиглагдаагүй, орхигдсон дээрх сургуулийн барилгыг сэргээн засварлан барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулахаар шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, онцлогт түшиглэн газар тариалан эрхлэх боломжид дэмжлэг үзүүлэхэд Зэвсэгт хүчин хүч нэмж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар боллоо гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар 2025.04.29-ны өдрийн 10:40 цагт ойн түймэр гарч, түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.
Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг 2025.05.01-ны өдрийн хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа тухай мэдээлэл ирүүллээ.
Нийгэм
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн урилгаар Монгол Улсын “Хос Аз” ХХК-ийн мэргэжилтнүүд тус улсад үндэсний гутал урлах сургалт зохион байгуулжээ.
“Хос Аз” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал З.Ананд, загвар зохион бүтээгч Б.Ахмарал, технологич инженер Б.Бэхбат нар тус улсын үндэсний уламжлалт гутал болох “цоглам” гутлын загвар, технологийг сайжруулан боловсруулжээ. Улмаар Бутан Улсын залуучуудад “цоглам” гутал урлах тусгай сургалтыг нийслэл Тимпү хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Сургалтаар гутлын технологи заахаас гадна, загварын шийдэл, машин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах зарчим, гутал үйлдвэрлэлийн дамжлага дарааллыг эзэмшүүлэн, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх боломжуудыг танилцуулжээ. Монгол мэргэжилтнүүд Бутан Улсын залуучуудад гутлын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгосны зэрэгцээ цаашид олон чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байна.
Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар зогсохгүй хоёр орны соёлын гүүр болж, үндэсний өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.
-
Улс төр4 цаг өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
-
Нийгэм6 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна
-
Нийгэм10 цаг өмнө
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
-
Нийгэм10 цаг өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
-
Нийгэм5 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав
-
Нийгэм10 цаг өмнө
Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо