Бусад
ДНБ-ийхээ хоёр хувийг зарцуулж байж л дэлхийн дулааралттай үр дүнтэй тэмцэнэ

НҮБ-ын Хүрээлэн буй орчны төслөөс “Дэлхий нийт ногоон эдийн засагт шилжих ажилд жилд ДНБ-ийнхээ хоёр хувийг зарцуулж байж 5-10 жилийн дараа наад захынхаа амжилтад хүрнэ” гэсэн мэдэгдлийг хийжээ. Тус байгууллагын шинжээчид байгаль орчны чиглэлээр ирэх жил зохион байгуулагдах Парист болсон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх олон улсын чуулганы бэлтгэл ажлын хүрээнд хийсэн судалгааныхаа үр дүнд тулгуурлан дээрх мэдээллийг хийсэн байна. Эрдэмтэд дэлхийн ДНБ-ийг 75 триллион гэж багцаалаад жилд 1.3 триллион ам.долларыг хамгийн чухал 10 салбарыг “ногооруулах”-ад зарцуулах ёстой гэж үзжээ. Манай улсын хувьд, ДНБ-ийг 11 тэрбум ам.доллар гэж тооцвол жилдээ 220 сая ам.доллар буюу 320 тэрбум орчим төгрөгийг энэ чиглэлд зарцуулж байж бодитой үр дүн гаргах тооцоо гарч байгаа юм.
Сэргээхэд зарцуулагдаж байгаа хөрөнгийг устгахгүй байх ажилд зарах ёстой
Өнөөдөр Дэлхийн ДНБ-ий 1-2 хувь нь тэртэй тэргүй байгаль орчныг нөхөн сэргээх, байгальд хортой технологийн учруулсан хор хохирлыг арилгахад зарцуулагдаж байгаа аж. НҮБХБОТ “Ногоон эдийн засгийг” иргэдийн баялгийг нэмэгдүүлэх, хэрэгцээг хангалуун байлгах зорилтыг хангахын зэрэгцээ байгаль орчинд хоргүй байх ёстой гэж төсөөлж байна.
Олборлолт-чиг баримжаатай “хүрэн” эдийн засгаас байгаль орчинд хал балгүй “ногоон” эдийн засагт шилжсэнээр ажлын байр багагүй хэмжээгээр хорогдох төлөв байгаа ч өөр арга замаар нэмэгдүүлж болно гэж үзсэн байна. Дэлхийн ДНБ-ий 1.25 хувийг эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих, ногоон эдийн засагт шилжих үйл ажиллагаанд зарцуулснаар эрчим хүчний хэрэглээг 2050 он гэхэд 40 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж тооцож байна. Мөн дахин боловсруулалт хийх асар их боломж нуугадж байгааг дэлгэн тавьжээ. БНСУ яг энэ чиглэлээр “Үйлдвэрлэгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх” тусгай хөтөлбөр хэрэгжүүлснээр шил, цаас, цахилгаан зай хураагуур зэрэг бүтээгдэхүүний дахин боловсруулалтыг 14 хувь хүртэл нэмэгдүүлж, 1,6 тэрбум ам.долларын хэмнэлт гаргасан байна. Бразил улс мөн энэ чиглэлд анхаарч ажилласнаар 2 тэрбум ам.долларын орлого олж, 10 сая тонн хүлэмжийн хий агаарт алдагдахаас сэргийлжээ. Бразилчуудын хичээнгүй ажиллагааны үр дүнд одоо дахин боловсруулсан бүтээгдэхүүн ДНБ-ийх нь 0,3 хувийг эзлэх болсон байна.
Төр бодлого явуулахдаа анхаарах салбар, хүчин зүйлүүд
Ногоон эдийн засагт шилжих үйл явцад төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэрэгцээг зохистой болгох зэрэгт төрийн оролцоо маш чухал юм. Төрийн гол үүрэг нь
-Ногоон эдийн засагт шилжих маш оновчтой, хатуу хариуцлагын тогтолцоог бий болгож мөрдүүлэх.
-Татвар, зах зээлийн “ухаалаг” механизмыг төлөвшүүлэх.
-Иргэдийн боловсролыг нэмэгдүүлэх зэрэг нийгмийн шинжтэй ажилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг болно.
Ногоон эдийн засагт шилжих зайлшгүй шаардлагатай байгаа 10 салбар хийгээд, дэлхийн ДНБ-ий 1 хувийг эдгээр салбарт хэрхэн хуваарилсныг үзвэл
-Хөдөө аж ахуй, 108 тэрбум ам.доллар-үүний ихэнхи хувь нь жижиг фермерийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлд зарцуулагдана.
-Барилга, 134 тэрбум ам.доллар-“Ногоон барилга”-д шилжсэнээр эрчим хүчний зохистой хэрэглээг хөгжүүлэхэд маш их нэмэр болох юм.
-Эрчим хүчний хангамж, 360 тэрбум ам.доллар-Сэргээгдэх эрчим хүч нь хүн төрөлхтний ганц “авралын од”, тиймээс хөрөнгийн хэмжээ их байвал бүр сайн.
-Загас агнуур, 110 тэрбум ам.доллар-“Ногоон загас агнуур”-ыг хөгжүүлнэ гэдэг нь дэлхий дээр байгаа нийт фолтыг цөөрүүлнэ гэсэн үг.
-Ойн аж ахуй, 15 тэрбум ам.доллар-ойг тарималжуулах, цэвэрлэж нөхөн сэргээхэд зарцуулагдана.
-Эрчим хүчний зохистой хэрэглээ-Хэрэглэгч, тэр тусмаа үйлдвэрлэгчдийг хэмнэлтийг дээд зэргээр хийдэг болгоход чиглэсэн бодлого явуулна. Хөрөнгийн ихэнх нь суртал ухуулга хийхэд зориулагдана гэж ойлгож болно.
-Аялал жуулчлал, 135 тэрбум ам.доллар-“Ногоон аялал жуулчлал”-ыг хөгжүүлэхэд зарцуулагдана.
-Зам тээвэр, 190 тэрбум ам.доллар-“Ногоон тээвэр”-ийг хөгжүүлнэ. Энэ нь бусад салбартай хамааралтай.
-Хог хаягдлын зохицуулалт 110 тэрбум ам.доллар-Дахин боловсруулалт хийх чиглэлд түлхүү зарцуулагдана.
-Далайн баялгийн зохицуулалт, 110 тэрбум ам.доллар-Далайн баялгийн зохистой хэрэглээ, цэвэрлэгээ хийхэд зарцуулагдана.
Манай улсын хувьд “Ногоон эдийн засагт шилжих” үйл явц харьцангуй удаашралтай явагдаж байгаа гэж хэлэхэд болно. Хамгийн гайгүй нь гэж хэлж болох сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжсэн ч саяхан сэргээгдэх эрчим хүчний үнэд нэмэлт өртөг тооцохоо больсоноор эрхээ авсан, хүлээгдэж буй төслүүд хэрэгжих эсэх нь эргэлзээтэй болоод байгаа юм.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм3 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм5 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр4 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент4 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм4 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна