Нийгэм
Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-цахим эрүүл мэнд” сургалт боллоо
ЭМЯ, ЦХХХЯ-наас эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад танилцуулах “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг энэ сарын 7-нд Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад зохион байгууллаа.
Сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд үг хэлсэн бөгөөд тус сургалтад аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 302 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон.
Сургалтад оролцогчдод “Төрийн бүтээмжийн сэргэлт-Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдвээр ЦХБХЗГ-ын дарга Б.Билэгдэмбэрэл, “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь” сэдвээр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, “Үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх нь” сэдвээр ЭМХТ-ийн Эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн Б.Алтантулга, “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтын талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг танилцуулсан.
Мөн “Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлтийн танилцуулга”-ыг ГТСМТТ-ийн Систем төлөвлөлт статистикийн албаны менежер Б.Наранбаатар, “Эрүүл мэндийн цахим шилжилт, түүний хэрэгжилт, анхаарах асуудал”-аар ЭМХТ-ийн Мэдээлэл технологийн албаны Мэдээлэл солилцоо хариуцсан мэргэжилтэн Д.Бямбасүрэн нар илтгэл тавьж, эрүүл мэндийн салбарын цахимжилтын цаашдын чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.