Энтертайнмент
Гавьяат тамирчин М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүллээ
Олон улсын жүдо бөхийн холбооноос Германы “Их дуулга” тэмцээний дараа бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргалаа. Эмэгтэй жүдочдоос Гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жинг 6218 оноогоор тэргүүлсэн бол Японы Фүна Тонаки 6206 оноогоор удаалжээ. Энэ жинд барилдаж байгаа Г.Наранцэцэг 41, Э.Гэрэлмаа 51, Б.Хорлоо 85, Э.Уртнасан 119-р байрт бичигдлээ.
Дэлхийн аварга М.Уранцэцэг 2019 оны эхний “Их дуулга”-д 52 кг-д барилдсан бол өнгөрөгч долоо хоногт Германд болсон тэмцээнийг өнжсөн юм. Гэвч гавьяатын хувьд шинэчилсэн чансааг тэргүүллээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.