Дэлхий дахинд
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан өнөөдөр батлан даалтаар суллагдаж байна
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ли Мюн Бак нэг жил орчим хугацаанд хоригдсоны дараа өнөөдөр батлан даалтаар суллагдаж байна.
Эрүүл мэндийн байдал нь доройтсон тул гэрийн хорионд шилжих түүний хүсэлтийг Сөүл хотын дээд шүүх зөвшөөрчээ.
Ерөнхийлөгч асан Ли гэрээсээ гаралгүй, зөвхөн гэр бүлийн гишүүд болон өмгөөлөгчтэйгээ харилцах нөхцөлтэй саатуулах төвөөс суллагдаж байна.
2008 оноос 2013 оны хооронд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч байсан тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард авлига, хээль хахуулийн хэргээр 15 жил шоронд хоригдох ял сонсоод давж заалдах шатны шүүх хурлыг хүлээн түр саатуулах төвд хоригдож байгаа юм.
Шүүх түүнийг ерөнхийлөгч байх хугацаандаа төрсөн дүүгийнхээ нэр дээр бүртгэлтэй компаниар дамжуулан бусдаас их хэмжээний хээл хахууль авч байсныг шалгаж тогтоосон байдаг.
Тухайлбал Самсунг компани түүнд 5.9 тэрбум воны ($5.2 сая) авлига өгч байсныг баримтаар тогтоож байжээ.
Эх сурвалж: Yonhap News