Энтертайнмент
Ээждээ бичсэн захидлын уралдааны II байрын шагнал хүртсэн захидал

МЗХ, ХБНГУ-ын салбар зөвлөлөөс Олон улсын Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан зохион байгуулсан “Сайн уу ээжээ, сайн сууж байна уу” захидлын уралдааны 2-р байраар шалгарсан Унгар улсад сурч буй магистрант Отгонбаяр овогтой Энхзаяагийн захиаг уншигч та бүхнээ толилуулж байна.
Сайн байна уу ээжээ? Сайн сууж байна уу? Таньд энэ захиа очих өдрийн мэнд хүргэе. Хамгийн сүүлд таньд Март 8 –аар захиа бичсэнээс хойш бараг 15 жил өнгөрчихжээ.
Захиа ч гэж дээ цаасыг эвхэж нугалаад, дээр нь ганц хоёр цэцэг зураад, амьхандаа л гоё болгочих гээд ногоон өнгийн харандаагаар сэтгэлийн үгээ бичсэн чинь өнгө нэмэх биш өөрөө ч ойлгоход хэцүүхэн л эд болсон байсансан. Ээжээ би таньд энэ захиагаар дамжуулан талархлаа илэрхийлэх гэсэн юм. Зураг зурах ямар ч авьяасгүй надад тэр үед “ Миний охин ямар хөөрхөн зурж бичээ вэ?” гэж өөртөө итгэх итгэлийг минь үгүй хийгээгүйд, албатай юм шиг орой болтол тоглоод даарч орж ирэхэд загнахтайгаа зэрэгцэн хөлийг минь гэдсэндээ дулаацуулдаг байсанд, тоолж барамгүй том жижиг шалтгаанаас болж нулимс урсгахад минь тэвэрч аргадаж өмнөөс минь өмөрч суудаг атгахан зүрхэнд багтсан агуу их сэтгэлд тань талархаад баршгүй нь. Ээж минь та намайг торгонд боож, тосонд өнхрүүлж өсгөөгүй ч хайрлах сургамжлахын хатан ухааныг дэвсэж, түүн дээр тань эрхэлж өссөн би азтай хүн юм.
Та санаж байна уу? Миний анх удаа хийсэн давсгүй, шөлгүй, амтгүй хоолыг идэж суухдаа “ За яахав хийгээд л бай, хийж суртал чинь хор өгсөн ч иднэ” гэж хэлснээрээ алдаагаа өөрөө ойлгон бага багаар засах ёстойг ойлгуулсанд, гэнэт л төгсөх ангидаа “ Би ер нь өөр сургууль руу шилжлээ” гэж хэлэхэд “Чиний л амьдрал, чи л мэд” гэснээрээ өөрөө шийдвэр гаргаж, гаргасан шийдвэртээ эзэн болох ёстойг ойлгуулсанд гээд л амьдралын минь алхам тутамд намайг түшиж бас чиглүүлж, хүмүүжүүлж байдагт баярлалаа гэдэг үг багадаад байна аа ээжээ. Шөнө хашааны хаалга хүчтэй нүдэх чимээ гарч, аврал эрсэн хэн нэгэн сандран орж ирээд “Эмчээ болохоо байлаа” гэхтэй зэрэгцэн та яаран гарч одоход би орондоо ганцаараа үлдэхдээ дотроо “Тань шиг эмч хэзээ ч болохгүй. Аав, ах бид гурвыг үргэлж хаяж явдаг” гээд гомдсондоо уйлж байгаад, нойрондоо дийлдээд унтаад өгөхөд өглөө болчихсон, та хэзээ ч юм ирчихсэн, харин миний хичээлд явах цаг болчихсон байдагсан.
Цаг хугацаа тэр үеэс хойш нисэх мэт өнгөрч, одоо би тань шиг хүний төлөө гэх сэтгэлтэй эмч байхын төлөө хичээж явна. Сургуулиа төгсөөд ажлын гараагаа эхлэхэд онолоор бөмбөгдүүлчихсэн, амьдралаас тасраад тэнгэрт нисэж явсан намайг газарт буулгаад заан сургаж, зөвлөн туслаж, охиноо гэж эрхлүүлэхгүй хатуу үг хааяахан хэлж, эмч хүн ямар байх ёстойг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлсэн болохоор охин нь өөрийгөө яагаа ч үгүй байгааг мэдэж, биеэ ихэд үнэлчихсэн тэр үеэсээ ичиж нүүр улайх шиг болдог билээ. Ээжээ, та миний ар тал, хуяг дуулга. Та минь өглөө бүр цайныхаа дээжийг Хоо-Овоотдоо, үдэш бүр цагаан сүүгээ долоон бурхандаа өргөөд намайг сайн сайхан яваасай гэж залбирдаг болохоор хэдий өөр улсад суугаа ч нэг тэнгэрийн дор байдаг учир сүүн ерөөлтэй ээж таны залбирал ямар ч саадгүй надад хүрдэг шүү. Талархлаа гэдэг үг таны миний төлөө хийсэн, хийж байгаа зүйлийн талд нь ч хүрэхгүй санагдах юм. Одоохондоо санааг тань чилээхээс өөрийг хийж чадахгүй байгаа охиноо уучлаарай. Удахгүй сургуулиа төгсөөд таньтайгаа баяртайгаар уулзах болно.
Бүүвэйн дуугаар аргадаж үрээ өсгөсөн
Бүдэрч унахад нь өхөөрдөж орчлонг таниулсан
Мянган дарь эхийн тарни ганц үнсэлтэнд нь шингэсэн
Миний сайхан ээж та надад байгаа амьд бурхан юм
Хайртай шүү ээжээ, Охиноос нь

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Нийгэм23 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм24 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа
-
Нийгэм7 минут өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Улс төр36 минут өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм29 минут өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ