Дэлхий дахинд
Өнгөрсөн онд гадаадын 600 орчим тагнуулыг илрүүлснээ Владимир Путин мэдэгджээ
Өчигдөр буюу Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Холбооны Аюулаас Хамгаалах Байгууллагын удирдлагуудтай уулзаж, үг хэлсэн байна.
Тэр энэ үеэр Оросын газар нутаг дээр гадаад орнуудын тагнуулын үйл ажиллагаа эрчимжсэнийг дуулгаад шинээр зохион бүтээсэн зэр зэвсгийн мэдээлэл алдагдах аюул өсөн нэмэгдэж байгаа тул нууцлал хамгаалалтыг сайжруулахыг уриалжээ.
Мөн 2018 онд Оросын аюулаас хамгаалах байгууллага гадаадын нийт 129 тагнуулч, 465 мэдээлэгчийг илрүүлж, үйл ажиллагааг нь таслан зогсоосон тухай мэдээлсэн байна.
Гэхдээ Путин ямар улс орнуудын зүгээс тагнуулын ажиллагаа явуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.
“Оросын эсрэг гадаад орнуудын тагнуулын үйл ажиллагаа улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн гээд бүх салбарт идэвхжиж байна. Холбооны Аюулаас Хамгаалах Байгууллага үүний эсрэг, тэр дотроо Оросын шинэ зэр зэвсгийн үйлдвэрлэлийн талаарх мэдээллийг нууцлан хамгаалахын төлөө эрчимтэй ажиллах ёстой” гэж тэр хэлжээ.
ОХУ болон Өрнөдийн харилцаа сүүлийн жилүүдэд эрс муудаж, Хүйтэн дайны үеийн түвшинд хүрээд байгаа. Өрнөдийн орнууд ч ОХУ-ын зүгээс тагнуул, кибер халдлагын ажиллагаа эрчимжиж байгаа талаар байнга ярьж, анхааруулах болсон.
Тухайлбал АНУ-ын засаг захиргаа тус улсад 2016 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд Москвагийн зүгээс зохион байгуулсан нийгмийг хутган үймүүлэх кибер ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.