Дэлхий дахинд
Узбекистаны ерөнхийлөгч агсны охиныг гэрийн хорионоос шоронд шилжүүлжээ
2016 онд нас барсан Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримовын охиныг гэрийн хорионоос шоронд шилжүүлэх шийдвэрийг тус улсын шүүхээс гаргажээ.
Одоо 46 настай Гульнара Каримова нь луйвар хийж, мөнгө угаасан хэргээр 2017 онд 10 жил шоронд хоригдох ял сонссон юм. Гэвч өнгөрсөн онд түүний ялыг гэрийн хорионд эдлүүлэх шийдвэр гаргаж, шоронгоос гэрт нь шилжүүлж байжээ.
Өнгөрсөн хугацаанд Каримова интернэт ашиглах, гэрээсээ гарч явах зэргээр хэд хэдэн удаа зөрчил гаргасан тул ийнхүү буцаан шоронд суулгахаар болсон байна.
Гульнара Каримова нэг үе дипломатч, поп дуучин болж, төмөр нударгаар Узбекистаныг захирч байсан ерөнхийлөгч эцгийнхээ залгамжлагч болох хүнд тооцогдож байв. Тэр эх орноо Испани улсад болон НҮБ-д төлөөлөн сууж байжээ. Телевизийн суваг эзэмшиж, үнэт эдлэлийн брэнд бүтээгдэхүүнээ хүртэл зах зээлд гаргаж байсан түүхтэй.
Мягмар гарагт түүнийг цагдаа нар охиных нь гэрээс хүчээр баривчилж явсан тухай өмгөөлөгч нь мэдээлжээ. Тухайн өдөр Ташкентын шүүх Каримовагийн үлдсэн ялыг шоронд эдлүүлэх шийдвэр гаргасан юм.
Прокурорууд түүнийг Орос, Британи, Арабын Нэгдсэн Эмират зэрэг нийт 12 улсад $1 тэрбум орчмын хөрөнгө эзэмшдэг гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотойг тогтоож байжээ.
ЗХУ задарснаас хойш Узбекистаныг 27 жил удирдсан Ислам Каримов 2016 оны есдүгээр сард нас барж, ерөнхий сайд асан Шавкат Миризёев түүнийг залгамжилж байв.
Эх сурвалж: BBC