Эдийн засаг
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 203 аж ахуйн нэгж 100 хүртэл сая төгрөгийн зээл хүсжээ

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн Сайдын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/35, А/36, А/37 дугаар тушаалаар Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудад зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх нөхцөлтэйгээр 26,5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан. Үүний дагуу төсөл хүлээн авах үйл ажиллагааг 2025 оны 02 дугаар сарын 10-аас 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд Төсөл хүлээн авах цахим системээр амжилттай хүлээн авлаа.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу борлуулалтын орлогоос хамааруулан зээл хүсэх дээд хэмжээг заасан бөгөөд зээлийн цахим системд нийт 319 аж ахуйн нэгж зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлснээс 63,6 хувь буюу 203 аж ахуйн нэгж 100 хүртэл сая төгрөгийн зээл хүссэн байна.
Төсөл сонгон шалгаруулалтын явцын мэдээллийг зээлийн цахим системд бүртгэлтэй утасны дугаараар мессеж илгээн мэдээллэх болно.

Эдийн засаг
Мөнгөний бодлогын хүүг хоёр нэгжээр нэмж, өр, орлогын харьцааг шинэчлэн тогтоолоо

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаан болов. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. Тэрбээр “ Монголбанкны Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 6, 7-нд хуралдаж, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэх, хэрэглээний зээлийн өр орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувиар шинэчлэн тогтоох, тэтгэврийн зээл зохицуулалтыг хийх шийдвэрийг тус, тус гаргалаа. Эдгээр бодлогын шийдвэр гаргахад дараах хүчин зүйл нөлөөллөө.
АНУ -аас хэрэгжүүлж байгаа бодлого нь олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэд цаашид сөрөг нөлөө үзүүлэхээр байна. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж, гангийн эрэлт сайнгүй байгаа нь нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурах шалтгаан болж байна гэж харж байна.
Инфляц сүүлийн саруудад нэмэгдэж, 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай гарсан.
Үүнд цахилгааны үнийн өсөлт, үнийн дам нөлөө болон өрхийн цалин орлогын өсөлтийг дагаад үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өндөр өссөн нь голлох нөлөө үзүүлсэн. Нийтийн тээврийн үнэ хоёрдугаар сард өсч, эрэлтийн болон зардлын шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс нэмэгдсэнийг харгалзан Монголбанк инфляцынхаа төсөөллийг өмнөхөөсөө нэмэгдүүллээ. Улмаар инфляц энэ оны туршид төв банкны зорилтоос давж, ирэх оны хоёрдугаар улирлаас зорилтот интервал руу орж, тогтворжихоор ийм төсөөлөл гарсан. Хэдийгээр зардлын шалтгаан давамгайлан, инфляц төв банкны зорилтоос давсан хэдий ч хүлээлтээр дамжин үнийн өсөлт эрчимжих, хоёр дахь үеийн нөлөө нэмэгдэх, зэрэг эрсдэлийг бууруулахын тулд бодлогын тохиргоо хийх зайлшгүй шаардлага гарсан.
Цаашлаад шинээр хэрэгжих томоохон төслийн бүтээн байгуулалтыг гадаадын эх үүсвэрээр санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дотоодын эх үүсвэрээр санхүүжүүлэх орон зай байхгүй гэдгийг мөн дурдах нь зүйтэй. Урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 2024 онд 4.9 хувьтай буюу бидний хүлээлтээс доогуур гарсан. Эдийн засгийн өсөлт удаашрахад алт, газрын тосны олборлолт багассан, малын зүй бус хорогдол нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбар хурдтай агшсан, боловсруулах салбарын үйлдвэрлэл саарсан зэрэг нь голлох нөлөө үзүүлсэн. Өсөлтийн хурд ийнхүү саарсан ч 2025 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 7-8 хувьд хэвээр хадгалахаар Монголбанк шийдсэн. Тухайлбал, Оюутолгойн нөлөөгөөр уул уурхайн үйлдвэрлэл идэвхжих, хөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, шинэ төслийн бүтээн байгуулалт эхэлж, барилга, худалдаа, тээврийн салбарын өсөлтийг дэмжихээр байгаа. Цаашлаад төслийн бүтээн байгуулалтууд 2025-2027 оны туршид үргэлжлэх бөгөөд төслийн хэрэгжилтийн явц, гадаад эрэлт зэрэг нь эдгээр дунд хугацааны жилүүдийн өсөлтөд нөлөөлөх тооцоо судалгаа хийгдсэн.
Манай улсын зээлжих зэрэглэл сайжирч, гадаад зах зээл дээрх хүү буурч байгаа нь валютын орох урсгалыг дэмжих хэдий ч нүүрсний үнийн бууралт томоохон эрсдэл дагуулах шинжтэй байна.
Цаашид том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөн хэрхэн үргэлжлэх, БНХАУ -ын эдийн засгийн нөхцөл байдал болон эрдэс бүтээгдэхүүний үнээс гадаад эрэлт ихээхэн хамаарна. Гадаад худалдааны нөхцөл муудаж байгаа нь Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүд эхлэх хугацаатай давхцаж байгаа зүйл ажиглагдаж байна. Иймд эдгээр том төслүүдийг хэдий хугацаанд хэрхэн санхүүжүүлэх нь төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцийн цаашдын төлөвт чухал нөлөөтэй байх болно.
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн орлогын өсөлтийг даган хэрэглээний зээлийн өсөлт өндөр төвшинд хадгалагдаж байна.
Тэтгэврийн зээл сүүлийн жилүүдэд хурдтай өсөж, тэтгэврийн зээлийн өр орлогын харьцаа 84 хувьд хүрсэн нь зээлдэгчдийн хувьд санхүүгийн ачаалал өндөр байгааг харуулж байна.
Иймээс гадаад дотоод орчны нөхцөл байдал, инфляцын цаашдын төлөвийг харгалзан Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн өрхийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн хэт өсөлтөөс сэргийлж, санхүүгийн салбарын зээлийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 50 хувьд хүргэх, тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчид үлдэх орлого нь амьжиргааны доод төвшинг хангахад хүрэлцэхүйц буюу түүнээс доошгүй байхаар тогтоох шийдвэрийг тус, тус гаргасан болно. Дээрх бодлогын шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот төвшинд тогтворжуулах, эдийн засаг санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй байгаа. Монголбанкны зүгээс эдийн засгийн сэргэлт, инфляцын төлөв, нийлүүлэлтийн хүчин зүйл, олон улсад бий болж буй өөрчлөлттэй уялдуулан бодлогын дараагийн алхмыг тухай бүрт нь авч хэрэгжүүлэх болно.
Эдийн засаг
Монголбанк: Хоёрдугаар сард 645.1 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2025 оны 2 дугаар сард 645.1 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 1.9 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 15.1 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 52.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 2 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 321,506.03 төгрөг байв.
Эдийн засаг
10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ

Арван мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг анх 1995 онд хэвлүүлж, гүйлгээнд гаргаж байжээ. Нүүрэн талдаа Чингис хааны хөрөг, ар талдаа эртний Хархорин хотын дотоод талбайг дүрсэлсэн зураг бүхий энэ дэвсгэртийг анх хэвлүүлснээс хойш дөрвөн удаа шинэчилсэн байна.
Металл утас, усан хээ, тасралттай металл утсан болон товгор элемент, холограм дардас бүхий Соёмбо, хэт ягаан туяанд гэрэлтэж харагдах хамгаалалтын элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгаалалтын элемент бүхий уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд ашиглаж байна.
Сонирхуулахад, 5000-ын дэвсгэртийг мөн 1995 онд, 1000-ын дэвсгэртийг анх 1993 онд гүйлгээнд гаргасан бөгөөд мянгатын дэвсгэртийг найман удаа шинэчлэн хэвлүүлжээ.
-
Нийгэм11 цаг өмнө
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн ч нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь 13.5 хэвээр байна
-
Нийгэм8 цаг өмнө
Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ажиллаж байна
-
Улс төр4 цаг өмнө
Татвараа төлөөгүй бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ
-
Нийгэм8 цаг өмнө
FOODEX JAPAN 2025-д Монгол Улсаас 7 аж ахуйн нэгж оролцож байна
-
Нийгэм8 цаг өмнө
Нутаг дэвсгэрийн 52.6 хувь нь ой, хээрийн гал түймрийн эрсдэлтэй газар нутагт хамаарч байна
-
Нийгэм12 цаг өмнө
Галд өртсөн малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх ажлын хэсгийг байгуулжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
-
Улс төр12 цаг өмнө
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ