Бусад
Бэлтгэлгүй шийдвэрийг биелүүлэхэд хэцүү байна

Энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох” шийдвэрийн хэрэгжилт ямар байгааг сурвалжиллаа.
Бид эхний ээлжид сүлжээ супермаркетуудаар орсон юм. “Оргил” супермаркетын нэгэн салбараар үйлчлүүлэгчдээс өөрсдийн авчирсан даавуун болон гялгар уутанд худалдан авсан бараагаа савлуулан гарч байгаа хэд хэдэн хүн байв. Тус дэлгүүрийн “Orgil Center” гэсэн шошготой гялгар уут нь хэрэглэхийг хориглосон ангилалд багтаж байгаа.
Гэвч одоогийн байдлаар тус уутыг худалдаанд гаргасан хэвээр байлаа. Энэ талаар эрхлэгчээс нь яриа авахыг хүссэн ч татгалзсан юм. Харин кассан дээрээ 2,800 төгрөгийн даавуун торыг давхар худалдаалж байв. “Макс” сүлжээ дэлгүүрийн хувьд байдал яг ижил байв.
Тус дэлгүүрийн логотой тор худалдаанд гарсан хэвээр байсан. Энэ талаар салбарын менежер Ч.Уянгаас тодруулахад “Манай дэлгүүр стандартыг хангасан торыг хэрэглэж байгаа. Манай тор ер нь шаардлага хангачихсан байсан юм билээ” гэв. Харин хүнсний ногоо, жимс жимсгэнэ савлах зориулалтай уутыг арай зузаанаар сольсон.
Гэхдээ шаардлага хангасан эсэхийг сайн мэдэхгүй байгаагаа хэлсэн юм. “Сансар” супермаркетын хувьд тус дэлгүүрийн худалдаанд гаргаж буй тор нь заасан хэмжээнд нийцэж байгаа талаар менежер нь мөн ярив.
Харин “Сансар” гэсэн логотой даавуун тор болон Монголд үйлдвэрлэсэн жижиг даавуун торыг давхар худалдаалж эхэлсэн нь сайшаалтай нэг алхам болжээ. Харин жинлэж савладаг хүнсний бүтээгдэхүүнийг өнөөх нимгэн гялгар уутанд гаргасан хэвээр байсан юм. Иргэд болон худалдаачдын дунд ойлгомжгүй асуулт үүсгээд байгаа нь энэхүү нимгэн уут болоод байна. Нимгэн, зузааны хувьд 0.006 мм хэмжээтэй тул хориглох ангилалд багтаж байгаа.
0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн бүх төрлийн нийлэг хальсан уут, торыг хориглочихсон. Харин нийтлэг тасалж хэрэглэх байдлаар ашигладаг жимс, хүнсний ногоо, мах зэрэг шинэ амархан гэмтэх, муудах хүнсийг зөөвөрлөхөд ашиглах уут, скоч зэргийг хориглохгүй гэж заасан нь жинлэж авдаг хүнсний бүтээгдэхүүнийг ихэвчлэн савладаг дээрх нимгэн уутны хувьд эргэлзээтэй байдал үүсгээд байгаа аж.
Ангиллын хувьд хориглож байгаа хэр нь зориулалтын хувьд хэрэглэж болох ч юм шиг. Гэхдээ энэхүү нэг удаагийн хальсан уутнууд нь хамгийн их хаягдал болж байгааг иргэд хэлж байсан юм. Хүнсний бүтээгдэхүүнээ ихэвчлэн бөөнөөр нь цуглуулахаар зорьдог хүнсний зах, худалдааны төвүүдэд энэхүү нэг удаагийн нийлэг уутнуудын хэрэглээ яг хэвэндээ байна.
Тухайлбал, “Баянзүрх” захынхан жимс, хүнсний ногоо, гурил, будаа, элсэн чихэр, мах савлахдаа өнөөх нимгэн торыг ашигласан хэвээр байна. Хориглосон гэж заасан боловч өөр уут хэрэглэх боломжгүй байгаа талаар худалдаачид ярьж байлаа. Махны худалдаачин Т.Цог “Гялгар торыг хориглох нь зөв.
Гэхдээ орлуулах тор, уутаа бэлдээгүй байж хэрэглэхийг хориглочихоор чинь утгагүй юм. Орлуулах уутаа бэлдчихсэн бол эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд тустай гэдэг талаас бид бүгд хүлээн зөвшөөрнө. Гэтэл махны шүүс гоожиж, төмс, лууван шороо ихтэй учраас гялгар уутанд хийхээс өөр арга байхгүй. Эсвэл хуучин хэрэглэдэг байсан бор цаасан уутаа бэлдээд өгвөл хэрэгтэй л шийдвэр. Эхлээд даавуун уут хийх үйлдвэр ч болтугай барьчихаад ийм шийдвэр гаргаасай” гэсэн юм.
Харин тус захын гурил, будаа савлан зардаг эмэгтэй Г.Жавзандорж энэ шийдвэр үр ашгаа өгч байгаа талаар ярьсан юм. Тэрбээр “Иргэд өөрсдөө даавуун уут оёод хэрэглэж болно шүү дээ. Дээр үед давс, сахараа ч даавуун торонд хийдэг байсан. Миний хувьд сарын дараа жигдэрчих байх гэж бодож байна. Одоо ч үр дүн харагдаж байна. Зарим хүн тортойгоо ирдэг болсон.
Би өдөрт 100 тор хэрэглэдэг байсан бол одоо 50, ирэх сард 25, тавдугаар cap гэхэд хүн бүр даавуун тороо барьж ирээд жигдэрчих байх. Энэ бол зөв алхам, сайхан боломж” гэж ярилаа. Тэрбээр том, дунд, жижиг гэсэн гурван төрлийн торыг өдөрт 11 мянган төгрөгөөр авч сардаа 105 мянган төгрөг зарцуулдаг байсан бол энэ сард зардал нь багасах төлөвтэй байгааг дуулгалаа.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс шалгалт явуулж зөрчил илэрсэн тохиолдолд хуулийн дагуу хурааж авах, устгалд оруулах арга хэмжээ авна гэж мэдэгдэж байсан. Гэвч энэ нь бодит байдал дээр биелэхгүй байгааг ашиглахыг хориглосон торнуудыг төрөл төрлөөр нь багцалж зарж буй худалдаачин харуулж байв.
Нэг удаагийн нийлэг уутны 90 гаруй хувийг БНХАУ-аас нийлүүлж байна. Үлдсэн цөөн хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа бөгөөд дотоодын үйлдвэрлэгчид шаардлагад нийцсэн зузаантай тор үйлдвэрлэх боломж байгаа ч үнэ нь өсөх магадлалтайг хэлж байсан юм. Тиймээс эхний ээлжид шийдвэрийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд импортыг хязгаарлахад тодорхой арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байна.
Энэ нь ямар ч бэлтгэлгүй байж яаран шийдвэр гаргасантай холбоотой талаар худалдаачид ярьж байлаа. Бид цааш байрнуудын дундах нэгэн дэлгүүрт ороход тор зарахгүй байгаагаас авсан зүйлсээ тэврэн гарч байгаа эмэгтэйтэй таарсан юм.
Тус дэлгүүрт Хятадад үйлдвэрлэсэн 8,000 төгрөгийн даавуун торноос өөр сонголт байхгүй байв. Харин сүлжээ дэлгүүрүүд болон худалдааны төвүүдэд Монголдоо үйлдвэрлэсэн даавуун уутны худалдаа бараг харагдсангүй. Тиймээс боломжийн үнэтэй даавуун уутыг зах зээлд нийлүүлчихвэл хүмүүсийн хэрэгцээнээс гялгар уут гарах нь цаг хугацааны асуудал болох нь харагдаж байв. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн гэлтгүй бусад төрлийн бүтээгдэхүүний сав баглаа боодол зах зээл болон хог хаягдалд ямар хувийг эзэлж байгаа судалж, адилхан анхаарал хандуулахыг худалдаачид уламжлахыг хүссэн юм.
Ямартай ч эхний ээлжид тодорхой байгаа уутнуудыг орлуулах савлагааг олон нийтэд сурталчилж, дорвитой алхам хийхгүй бол энэхүү шийдвэр цаасан дээрээ үлдэж мэдэхээр байна.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм9 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм11 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм11 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр10 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Нийгэм9 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр11 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо