Бусад
Мэргэжлийн хяналтынхан “Эко алтан Заамар“-ыг эрхлүүлээгүй бол…

Монгол Улсын иргэн Ч.Базараагийн “эзэмшил” болсон Заамарт хяналт, шалгалт, хариуцлага, хууль журам алдагдаад өнө удаж буй. Ниргэсэн хойно нь хашхирсан болоод намжчихдаг хүний амьтай дүйцэх эрх ашиг гэж байж болох уу, мэргэжлийн хяналтынхаан. Заамрын хөндий дайны талбар болж алтны төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй компаниуд тэнд ноёрхож хэдийнээ вант улсаа байгуулсныг хэвлэл мэдээллийнхэн, ТББ-ууд удаа дараа “хашхирч” байв.
Зуд болдоггүй тосон Заамар, ган болдоггүй бор булан хэмээгдэн амьтай болгоныг ундаалдаг Туул дагасан энэ сум өдгөө “Алтайн хүдэр” компанийн эзэн “Эко алтан Заамар” компанийн нууц ноёнтон Ч.Базарын халаасаа түнтийлгэдэг гол объект болсон. Ухсан нүх, орхигдсон карьер хоёроос өөр нүдэнд торох бараагүй болтлоо алтан хэвлийгээ ухуулсан Заамар сум Ч.Базар гэх хүний хэмжээгүй шунал, хэтэрсэн эрх мэдлээс болж харууслын өлгий болоод байна. Дөрвөн хүний алтан амиар “Туг тахихад” Ч.Базарт үйлчилж ил болон далд байдлаар хэчнээн албан тушаалтан, шат шатны эрх олгогч нар оролцсон болохыг тоочвол нэлээд урт жагсаалт гарна.
Энэ жагсаалтын тэргүүн магнайд цоллуулах нь мэдээж МХЕГ болон аймгийн мэргэжлийн хяналтынхан, АМГТГ болон БОАЖЯ-ны сайдтан билээ. 2014 оноос эхлэн Заамарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Эко алтан заамар” ХХК нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчсөн учир 2018 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 2018/02 тоот дүгнэлтээр MV-007712 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүргүүлж байсан ч хуулийн дээгүүр хэрхэн “жаалж” болдгийг Ч.Базар ноёнтон харуулж үйл ажиллагаагаа явуулсаар байсны балаг нь өнөөдөр гарав.
Энэ компани 5,000-6,000 га газрыг хамарсан лицензтэй. Төв аймгийн Хайлааст багийн нутагт орших “Их тохойрол” нэртэй MV-007712, MV-007713 болон “Баянголын эх” MV-018995, “Бор толгойн” MV-021016 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, “Өвөр наймган”-ы аманд 15 мянга га газар, “Түмэнгийн дөрөлж” гэдэг газар 5628 га талбай дээр тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг.
2018 оны тавдугаар сарын 30-нд аймгийн “Өгөөмрийн арын тохойрол” нэртэй MV-007712 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр хөрс хуулалт, олборлолтын ажил эхлүүлэхдээ нутгийн иргэдээс санал авсан хэмээн худал мэдээлэл түгээж сургууль барих бүтээн байгуулалт хийнэ гэсэн цуурхал дор иргэдийн гар өргүүлж санал аваад түүнийгээ газрын хэвлий ухахыг зөвшөөрсөн болгож өөрчилсөн гээд энэ компанийн булхай гутмаар их. Тиймээс л нутгийн иргэдийн тэмцлийг нохойн хуцсан чинээ тоогоогүй “Эко алтан Заамар”-ын уурхайд аймшигтай осол гарч гэр бүлээ тэжээж байсан дөрвөн хүний амиар тоглочихлоо. Дөрвөн хүний алтан амийг Ч.Базар танаас нэхье.
Угтаа бол та гайхмаар их баялаг дээр эзэн суучихсан хүн. Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дахь Таяннуурын уурхайгаас төмрийн хүдрийг тонн тонноор нь олборлодог “Алтайн хүдэр” компани таных. Ходоодтой бол цадаж болохоор, сэтгэлтэй бол ханаж болохоор хэмжээний баян хүн. Жилд 2.4 сая тонн төмрийн хүдэр урд хөрш рүү гаргадаг гэсэн мэдээлэл тус компанитай нь холбогддог. Хүдэр олборлох уурхай нь ч алт олборлох уурхайдаа ч хүний амийг атга шорооноос дор үздэг энэ хүнд хариуцлагатай уул уурхай гэж юу болохыг сэхээрэх сэтгэл зүрх даанч алга.
Очсон газар, олборлосон нутаг дэвсгэр бүртээ уух усыг нь бохирдуулж, ховх сорж, хөрсийг нь сэндийчдэг энэ эрхэмд байгаль эхийн хатуурхал даанч хамаагүй бололтой. Ч.Базар гэгчийн ёроолгүй шуналын гайгаар хэчнээн хүний алтан амь сүйдсэн болохыг тоолбол харуусахад ч багадам дүн гарна. Дан ганц хүний алтан амиар “туг тахиад” зогсохгүй мал, малчин хоёрт ч халгаатай олон “зовлон” байдгийг дэлгэж болно.
Эсэргүүцэл илэрхийлсэн бүхний өмнөөс хэнэг ч үгүй даналзаж “Манай компани үйл ажиллагаагаа зогсоож болно. Тэгсэн тохиолдолд компани хэдэн арван сая төгрөгөөр хохирно. Энэ бүхнийг та бүгдээс гаргуулна” хэмээн сүрдүүлдэг болохыг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэллээ. Яг ийм мэдэгдлийг өнөөдөр ч “Эко алтан Заамар” компани гаргаад буй. Энэ бол компанийн нэр хүндэд халдсан асуудал биш юм. Хариуцлагатай уул уурхайн стандартыг мөрдөж ажилласан бол өнөөдөр дөрвөн хүн эрүүл саруул, эсэн мэнд байх байв. Мэргэжлийн хяналтын байцаагч нарын амыг “үдээгүй”, мэргэжлийн шаардлагыг нь гүйцэтгэсэн бол ийм эмгэнэл болохгүй байх байлаа.
2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийг бид мартаж болохгүй. Ар гэрээ тэжээж, амьдралаа залгуулахаар уулын аманд ажиллаж байсан дөрвөн сайхан иргэнээ бид хүйтэн ус цалгисан хар шороонд булчихлаа. Гэнэтийн энэ ослын голомтод ОБЕГ-ын аврагчид өдөр шөнөгүй ажилласны хүчинд таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж нэг, нэг өдрийн зайтайгаар хоёр иргэний цогцсыг гаргасан.
Уг осол Заамар сумын Хайлааст багийн Баянголын амны “Ууцар” гэх газарт гарсныг бид мэдээлж байв. Хэдэн арван аврагч, техник, тоног төхөөрөмж, зардал чирэгдэл болгож хэчнээн ч удаа Онцгой байдлын аврагчдыг Ч.Базар эрхэм өөрийн “эзэмшилдээ” энэ мэтээр дуудав. Энэ удаад Заамарт хүн бүү хэл техник ч саатмаар хүнд нөхцөлд онцгой байдлын аврагчид ажиллалаа.
Мэргэжлийнхэн бүү хэл мэргэжлийн бус иргэдийн нүдэнд тун ч тодорхой ажлын орчны аюулгүй ажиллагаа алдагдсан, стандартаас гажсан усан сан үүсгэсэн зэргээс “Эко алтан заамар” компанийн олборлолтын талбайд осол болчихоод байхад “Газар хөдөлсний улмаас хүмүүс эндлээ” хэмээн хээвнэг асуудлыг өөрсдөөсөө түлхэхийг эрмэлзэх энэ хүнд гэмшлийн халуун биш юм гэхэд, бүлээн сэтгэл байна уу. Ааваасаа, ханиасаа, хүүгээсээ хагацсан хүүхэд, эхнэр, ээж, аавуудын зүрх сэтгэлийн хохирлыг хэн, хэрхэн барагдуулах вэ.
ОНЦГОЙНХОНД ТАЛАРХЪЯМонгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар “Эко алтан Заамар” компанийн үйл ажиллагаа явуулж байсан газарт үүссэн ослын голомтод ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Энэ талаараа Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийж “Эко алтан Заамар” ХХК-ийн ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу ажил явагдаагүй. Урьдчилсан байдлаар компанийн буруутай үйл ажиллагаатай холбоотой” гэдгийг хэллээ.
Аврагчдадаа талархъя. Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ууцар” гэх газарт байрлах “Эко-Алтан Заамар” ХХК-ийн “Баянголын-Эх” нэртэй А/18995 дугаарын ашиглалтын зөвшөөрөлтэй 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд хоёрдугаар сарын 28-ны өдрийн
16.00 цагт нуралт болж зургаан хүн, хоёр тусгай зориулалтын механизм шороонд дарагдсан.
“Эко-Алтан Заамар” ХХК-ийн зургаан ажилтан уурхайд ажиллаж байх үед уурхайн хана нурж нийслэлийн Налайх дүүргийн харьяат иргэн 33 настай Б, (эрэгтэй), Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Д 27 настай, (эрэгтэй) нар дарагдсаныг тус өдрийн 16.05 цагт уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан байдаг. Харин үлдсэн дөрвөн иргэн хоёр техникийг гарган авахаар Онцгой байдлын алба хаагчид өдөр шөнөгүй ажилласаар энэ сарын 2-ны өдөр 28 удаагийн шумбалт хийж 19.04 цагт иргэн О-гийн цогцсыг, энэ сарын 3-ны өдөр 15 удаагийн шумбалт хийж 13.32 цагт иргэн Г-гийн цогцсыг 5-6 метрийн гүнээс тус тус гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн билээ.
Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 6-ны 12.55 цагт дахин нэг иргэний цогцсыг гарган авсан байна. Үлдсэн нэг иргэний цогцсыг гаргахаар долоо дахь өдрөө алба хаагчид ажиллаж байна. Шавартай, мөстэй, чөмөг хага ташим гүн цүнхээлд өөрийн амиараа дэнчин тавин байж бусдын төлөө өргөсөн тангаргаараа бамбай хийж ажиллах онцгой байдлын алба хаагчид та бүхэндээ нийт иргэдийнхээ өмнөөс халуун талархал илэрхийлье. Хатан зориг, халуун цөстэй та бүхнийхээ эр зоригийг энэ хүнд өдрүүдэд бахдан суунам.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм11 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм13 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм11 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр12 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр13 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо